Барилга хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас хамтран зохион байгуулсан Геодези, зураг зүйн салбарын 2-р зөвлөгөөнд Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны мэргэжилтнүүд оролцжээ.
Зөвлөгөөний үеэр Геодези, зураг зүйн салбарын хөгжлийг харуулсан үзэсгэлэн болон тус салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, харьяа газруудын танилцуулга өдөрлөг болж, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн шинэчлэлтийг харуулсан дрон, төрөл бүрийн газрын зураг, атласыг дэлгэн үзүүлжээ.
Тус өдөрлөгт НМҮА-ны НЗХ-ийн ажилтнууд оролцож, иргэний нисэхийн салбарт хийгдэж буй геодези зураг зүйн ажлууд, өөрийн хэсгийн үйл ажиллагаа, боловсруулдаг бүтээгдэхүүн, хийж бүтээсэн ажлуудаа зөвлөгөөнд оролцогчдод тайлбарлан танилцуулж, бусад аж ахуйн нэгж, салбарын мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцсон байна.
Уг зөвлөгөөнөөр иргэний нисэхэд тулгамдаад буй 1:100000-ны масштабтай байр зүйн зургийн өндрийн тоотууд нь хэрэглэлийн нислэгийн журмын тооцоолол хийхэд алдаа гардаг, зөрүүтэй мэдээлэл үүсдэг асуудлыг хөндөн ярилцаж, хэрхэн шийдвэрлэх талаар тодруулахад “Одоогийн байдлаар 1:25000-ны масштабтай байр зүйн зургийг тоон болгох ажил дуусах шатандаа явж байна. Албан ёсоор дуусвал хэрэглээнд нэвтрүүлж, танайхыг өгөгдлөөр хангах болно .Одоо хэрэглэж байгаа 1:100000-ны байр зүйн зураг нь 1940-өөд оных тул алдаа их байгааг үгүйсгэхгүй” гэсэн хариуг өгчээ. УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын 300 гаруй төлөөлөгч оролцсон энэ зөвлөгөөнөөр салбарын хөгжлийн чиг хандлага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа, чадавхыг дээшлүүлэх, байр зүйн зургийн хэрэгцээ шаардлага зэрэг асуудлаар илтгэл тавьж, удирдах дээд байгууллагын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлжээ.