Монгол улсын Засгийн газрын 2012-2016 ондхэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох”, ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэн “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийгболовсруулж, загваруудыг бий болгохоор заасан билээ. Энэ дагуу “Ногоон соёл иргэншил” хөгжлийн үндэсний стратегийн төслийг боловсруулан 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Уг хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран “Ногоон соёл иргэншил” хөгжлийн стратегийн төслийг “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”, ”Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр” болгон өөрчлөн боловсруулжээ.
2013 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар эдгээр бодлогын баримт бичгийг хөгжлийн бодлого, төсөл төлөвлөлттэй уялдсан байна гэж үзээд, УИХ-д өргөн барихаар болсон байна. Баримт бичгүүдийн төсөлд Монгол Улсын баримтлах ногоон хөгжлийн үзэл баримтлал, зорилтыг 2030 он хүртэл тодорхойлж, 2020 он хүртэл авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэрэгслийг тусгажээ. Ногоон хөгжлийн үзэл баримтлал нь нийгмийн ядуурлыг бууруулах, хүмүүсийн ахуй амьдралыг сайжруулах асуудлыг хөгжлийн гол цөм болгодог. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжлийн шийдвэр гаргахад оролцох, үзэл бодлоо илэрхийлэх, шударга ёсны эрхийг хангах зарчмыг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэгтэй. Мөн байгалийн нөөцөөс хамааралтай амьдардаг нутгийн иргэдийн байгалийн нөөц баялгийг хамгаалах үүрэг, үр өгөөжийг хүртэх эрхийг тодорхой болгох, нийгмийн хамгааллын суурийг өргөжүүлж, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт, хөдөлгөөнийг зогсоох, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хямралыг даван гарах чадварыг бий болгодог байна.
Энэхүү үзэл баримтлал хөтөлбөрийг баталснаар, гадаад, дотоодын хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой хөгжилд хүрэх нэгдсэн стратеги, зорилтын хүрээнд үр өгөөжтэй зарцуулах боломжтой бөгөөд салбар дундын бодлогын уялдааг ханган ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагаанд эдийн засгийн ногоон өсөлтийн хөтөлбөрийг дэмжин, хамтран ажиллах боломж улам өргөжинө гэж үзэж байна.
Эх сурвалж: Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар
Мэдээ бэлтгэсэн: Хэвлэл мэдээллийн алба