Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийн Тусгай хэрэгцээт боловсрол олгох Тэмүүлэл бүлгийн “Би чадна” спортын өдөрлөг өнөөдөр /2019.04.26/ боллоо. Тус цэцэрлэгийн хоёр бүлэгт 2-8 насны нийт 40 хүүхэд хамрагдан, Сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
“Тэмүүлэл -1” бүлгийг анх 2015-2016 оны хичээлийн жилд JCI Найрамдал салбарын дэмжлэгтэйгээр байгуулж, 12 хүүхдийг хамруулж байсан бол тус жилээ дахин “Тэмүүлэл 2” бүлгийг, Сэргээн засах төвийн хамтаар нээн, хүүхдүүдэд СӨБ олгохоос гадна сэргээн засах эмчилгээг хийж байгаа юм.
Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдаж байгаа хүүхдүүдэд спортоор дамжуулан “Би өөрөө Би чадна” гэсэн итгэлийг төрүүлэн, урам дэм өгөх, бие бялдарыг нь хөгжүүлэхэд өнөөдрийн өдөрлөгийн гол зорилго оршиж буй талаар цэцэрлэгийн эрхлэгч О.Энхжаргал хэлж байна.
Энэ өдөр Тэмүүлэл бүлгийн хүүхдүүд маань “Автобус” хөгжимт хөдөлгөөн, Саадтай буухиа, Тэргэнцэртэй бүжиг, Нэг сагснаас нөгөө сагсанд бөмбөгийг зөөж хийх, Боулинг, Хэмнэл тоглоцгооё, “Волкер” алхалт зэрэг сурсан мэдсэн зүйлсээ багш, эцэг эхчүүдийн хамтаар хийлээ. Тус бүлэгт хүүхдээ хамруулснаар бие, бялдар, оюун санааны хувьд эерэг өөрчлөлтүүд бий болж байгаад аав, ээж нар талархаж байгаагаа хэлж байсан юм.
Манай аймгийн хэмжээнд судалгаанд хамрагдсан хөгжлийн бэршээлтэй 2-8 насны 56 хүүхэд байдаг. Эндээс үзэхэд 16 хүүхэд СӨБ-д хамрагдах боломжгүй, мөн СӨБ-д хамрагдаж буй хүүхдүүд ЕБС-д ороход орчин нөхцлөөс эхлээд маш олон асуудал тулгардаг байна. Иймд тусгай хэрэгцээт боловсрол олгох анги нэмж нээх, Ерөнхий боловсрол олгох зэрэг асуудлуудад аймаг, орон нутгийн удирдлагууд болон мэргэжлийн хүмүүсийг анхаарал хандуулан ажиллахыг эцэг эхчүүдийн зүгээс хичээнгүйлэн хүсэж байна.
М.ГҮНЖИЛХАМ