“Дүүрэн сэтгэл” ТББ-аас төгсөх ангийн сурагчдад зориулсан “Боловсролын экспо 2019” өдөрлөгийг өнөөдөр /2019.04.12/ зохион байгууллаа. Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ төгсөх ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвээр лекц тавилаа. Мөн өнөөдрийн өдөрлөгт Улаанбаатар, Дархан хотын нийт 20 гаруй их, дээд сургууль, МСҮТ-үүд оролцож, сурагчдад мэдээлэл хүргэв.
Энэ хичээлийн жилд манай аймгийн хэмжээнд 430 сурагч 12 дугаар ангийг төгсөж, мэргэжлээ сонгоно. Оюутнуудад хамгийн ихээр тулгамддаг асуудал нь автобусны виза карт, оюутны 70 мянга биш юм. Харин бодит асуудал нь мэргэжлээ буруу сонгон суралцаж буйд байдаг. Өөрийн сонирхол, чадвараар бус эцэг эхийн шахалт эсвэл сургуульгүй үлдчихвий гэсэн айдсаас болж мэргэжлээ сонгон суралцсан оюутнуудын дийлэнх хувь нь амжилттай суралцаж чаддаггүй, зарим нь сургуулиа хаядаг, төгссөн ч мэргэжлээрээ ажилладаггүй байна. Жишээ дурдахад, улсын хэмжээнд 96 их, дээд сургууль байдаг. Тэдгээрт жилд нийт 48000 орчим оюутан нэгдүгээр курст элсдэг ч төгсөхдөө 35000 болон буурдаг байна. Тэднээс зөвхөн 20 хувь нь л шууд ажлын байртай болж чадсан байдаг. Иймд өнөөдөр зохион байгуулагчдын зүгээс “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвийг онцолсон байна.
Энэ жилийн төгсөх ангийн сурагчид 6 настайдаа ЕБС-д элссэн анхны төгсөгчид учраас манай аймгийн тухайд өмнөх хичээлийн жилтэй харьцуулбал 430 сурагч буюу 4 дахин бага тоон үзүүлэлт аж. Гэсэн ч өрсөлдөөн бага гэж ойлгож болохгүй юм. Дээрх тооноос хамааран их, дээд сургуулиудын элсэлтийн тоо ч бага байх юм байна.
М.ГҮНЖИЛХАМ