Хорих ангид ял эдэлж буй хүмүүжигчдийн хамгийн их уулзахыг хүсдэг хүмүүс нь тэдний гэр бүлийнхэн, найз нөхөд нь байдаг. Хүмүүжигчид болон тэдний ар гэрийнхэний хооронд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, байгууллагын үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, шуурхай чирэгдэлгүй үйлчлэх үүднээс хорих анги бүр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулдаг. Энэ удаад Хорих 409 дүгээр анги “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгийн эхэнд идэвх зүтгэл, хөдөлмөр хүмүүжлээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий 4 хүмүүжигчдэд ангийн арга зүйн зөвлөлөөс тэргүүний хүмүүжигч гэрчилгээг олгов. Хүмүүжигчдийн ар гэрээс давхардсан тоогоор нийт 568 иргэн өдөрлөгт оролцжээ. Түүнчлэн хүрэлцэн ирсэн иргэдэд тоо бүртгэлийн албанаас тухайн хүмүүжигчийн ял эдэлсэн хугацаа, нийгмийн ажилтнууд хүмүүжигчдийн эрх үүрэг, ахуй нөхцөл болон бусад зөвлөгөө, эмнэлгийн албанаас тухайн хүмүүжигчдийн эрүүл мэндийн байдал, санхүүгийн алба тухайн хүмүүжигчдэд олгогдож буй цалин хөлс, гэм хорын хохирол барагдуулалт, хоол, хувцасны хангалтын талаар зохих мэдээллүүдийг өгч ажиллав. Мөн хоолны амт чанар, нэр төрөл, технологийн талаар амталгаат үзэсгэлэн гаргаж, хүмүүжигчдийн амьдарч байгаа орчин нөхцөл, ангийн үйл ажиллагааг танилцуулжээ. Мөн энэ үеэр урилгаар МУГЖ н.Болормаа, МУСТА “Сүнс” хамтлагийн ахлагч н.Лхагвасүрэн, дуучин н.Идэржавхлан нар ирж ая дуугаа өргөсөн. Хамтран ажилладаг сайн дурын байгууллагаас “Аав ээж би” сэдэвт гэр бүлийн тэмцээн, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудын дунд дуу, шүлэг бүжгийн тэмцээнийг тус тус зохион байгуулжээ.