Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны Шууд ардчилал, иргэдийн
оролцооны жил хэмээн зарласан. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга
Д.Пүрэвдаваа 2014 оны дүүргийн төсвийн зарцуулалтаар дүүргийнхээ нийт иргэдийн
дунд санал асуулга явуулж эхэлсэн билээ. Айл бүхэнд саналын асуулгын хуудас
тарааж, өнгөрсөн бямба гаригаас эхлэн хороодын иргэдтэй өөрийн биеэр уулзаж,
санал хүсэлтийг нь хүлээн авч эхэлсэн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн уулзалтад
иргэд талархалтай хандаж байна.
Тухайлбал, өнгөрсөн бямба гаригаас даваа гариг хүртэл 8,16, 26, 4, 7,19, 24, 9,
17 дугаар хорооны иргэдтэй Засаг дарга Д.Пүрэвдаваа уулзлаа. Иргэдийн хувьд
дүүргийн Засаг дарга анх удаа өрх бүхэнд урилга өгөн өөрийн биеэр уулзаж,
асуудлыг нь сонсч, тодорхой зарим асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж, хариулт
хүссэн асуултад нь хариулж, ирэх оны төсөвт иргэдийн саналыг авч байгаад
талархаж байгаагаа хэлж байлаа.
Харин иргэдийн зүгээс гэр хорооллын иргэд борооны дараа үүссэн шавар шавхай, бас
хаа сайгүй бий болчихдог хогны асуудал ихээхэн бухимдал үүсгэдэгийг онцолж
байсан. Мөн гэр хороолол гэлтгүй бүхий л хороололд хамгийн дутагдалтай зүйл
явган хүний зам, хүүхдийн цэцэрлэг, сургууль, хогийн асуудал байгааг тэд Засаг
даргад уламжилсан.
Засаг даргын хувьд 2013 оны дүүргийн төсвийн зарцуулалтыг иргэд танилцуулан,
манай дүүргийн хувьдсургууль, цэцэрлэг хүрэлцээ муутай байгааг онцолж, энэ онд
хоёр сургууль, долоон цэцэрлэг барихаар төсөв хөрөнгө нь шийдэгдсэн. Удахгүй
газрын асуудал шийдвэрлэгдэхээр энэ асуудал цэгцэндээ орох боломжтой болсныг
мэдэгдсэн. Тэрбээр мөн иргэн бүр хороондоо, хороололдоо сэтгэл хангалуун сайхан
амьдрахад өөрсдийнх нь оролцоо чухал байгааг онцолж, энэ утгаараа ирэх жилийн
төсөвт нэн түрүүнд хийгдэх ажлуудад иргэдийн санал, оролцоо чухал байгааг
онцолж байлаа.
Баянзүрх дүүргийн хувьд газрын асуудал ихээхэн маргаантай байдаг. Өмнөх Засаг
даргын үеэс улбаатай хяналтгүй, замбараагүй, давхардалтайгаар олгогдож,
иргэдийг хохироосон газрын маргаан, хууль бус газрын наймааны асуудал маш
их. Тиймээс энэ ажлыг цэгцэлж, хууль дүрмийнх нь дагуу шийдвэрлэхээр олон ажлыг
хийж байна. Энэ ажлын хүрээнд газар эзэмшлийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг
хориглоод байгаа. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар дүүргүүдэд шинээр
газар өмчлөх, эзэмших эрхийн зөвшөөрлийг гаргахыг түдгэлзүүлсэн.
Хорооны иргэдтэй уулзсан Засаг даргын уулзалтын үеэр иргэдийн зүгээс газрын
маргаантай асуудлаар ихээхэн гомдол санал гаргаж байсан. Засаг даргын зүгээс
Монгол Улсын иргэн хэн ч бай хуулийн дагуу газар өмчлөх, эзэмших эрх бий.Гэхдээ
холбогдох хуулийн хүрээнд эрхээ эдэлж, хуулиа дагах ёстойг сануулан газартай
холбоотой аливаа маргааныг хэн нэгэн даргатай яриад шийдвэрлэх боломжгүй,
тиймээс зарим асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарч байгааг онцолж
байсан юм.
