Дархан-Уул аймгийн Алтан гадаст, Улсын тэргүүний Орхон сумын 50 жилийн ойн баяр 07 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд болж байна.Өнөөдөр /2018.07.27/ ойн Хүндэтгэлийн хурал болж, УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон аймаг, сумын удирдлагууд оролцож Орхончууддаа баярын мэнд дэвшүүллээ.
Энэ үеэр Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан сайхан мэдээг дуулгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулсан юм.
Мөн өдөр өөрийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, авьяас билгээ сум, орон нутагтаа зориулсан эрхмүүдийн энгэрийг төрийн одон медалиар болон аймаг, сумын хүндэт шагналаар мялаав.
Тус сум сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуйг хослуулан хөгжүүлж байгаа юм. Өрх бүр үйлдвэрлэгч байхын сацуу сумын хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлж улсынхаа хүнсний ногооны 19.8 хувийг дангаараа хангадаг, 2007, 2009, 2010, 2012, 2014, 2015 онуудад хүнсний ногоо тариалагч “Шилдэг сум”-аар шалгарсан Дарханчуудын төдийгүй улсын бахархал болсон “Тэргүүний сум” хэмээн Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат онцолж байна.
М.ГҮНЖИЛХАМ