MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдэд үүрэг өглөө

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдэд үүрэг өглөө

    2018-05-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн  хурал өнөөдөр Төрийн ордоны А танхимд болж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрэм болон 2018 оны ажлын  төлөвлөгөөг хэлэлцэж, баталлаа.

    Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд, ХТҮЗ-ийн дэд тэргүүн С.Чинзориг, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, бусад албаны хүмүүс оролцлоо.

    Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 48 дугаар тогтоолоор 32 гишүүн, 4 дэмжигч гишүүнтэйгээр шинэчлэн байгуулж, дэд тэргүүнээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ажлын албаны даргаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ажиллаж байхаар шийдвэрлсэн. Тус зөвлөл нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэгтэй юм.

    Хурлыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх “Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, шинэ бүрэлдэхүүний анхны хурлыг зохион байгуулж байна. 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинээр баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхэд Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч, 2017 онд 1.2 тэрбум төгрөг, 2018 онд 6.4 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт тусган, батлуулсан. Төрөөс хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хууль, эрхзүйн орчин бүрдүүлэн, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа  хэдий ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. Тухайлбал, 2017 онд  насанд хүрээгүй хүнээс үйлдсэн нийт 948 гэмт хэрэгт 1066 хүүхэд холбогдон шалгагдаж, 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд өртөж хохирч, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдсан байна. Бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсон ба үүнээс 12 нь эрэгтэй хүүхэд байна. Хурдан морины 394 уралдааны явцад 629 хүүхэд мориноос унасан ба 159 хүүхэд бэртэж, гэмтснээс 3 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, 2 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл байна.  Энэ нь нэг талаараа хуулийн хэрэгжилттэй холбоотой хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлт нэмэгдэж байгаа гэж ойлгож болохоор байгаа хэдий ч салбар дундын хамтын ажиллагаа, олон нийтийн ойлголт хандлага, эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал хяналт, үүрэг хариуцлага сул байгааг харуулж байна. Түүнчлэн улсын хэмжээнд хүүхдийн асрамж, халамжийн 36 төвд 1013 хүүхэд өсч, хүмүүжиж байна. Үүнээс улсын болон нийслэлийн санхүүжилтээр ажилладаг 3 төв 357 хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлж  байна. Олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байгаа 31 асрамж, халамжийн төвд амьдарч байгаа 662 хүүхдийг Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, төрөөс эрсдэлт нөхцөлд буй хүүхдүүдээ бүрэн асран хамгаалах шаардлагатай байна. Иймээс хууль, тогтоомж, бодлогын хэрэгжилтийг бүх шатанд эрчимжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдааныг  зарлан хуралдуулж байна” гэв.

    Үүний дараа ХНХ-ын сайд, ХТҮЗ-ийн дэд тэргүүн С.Чинзориг “Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр “Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үйлчилгээний дүрэм, журам стандартыг батлан хэрэгжүүлж байна. Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд шаардлагатай бүтэц, тогтолцоог бүрдүүлэн үйлчилгээний төвүүдийг байгууллаа. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв Засгийн газрын 2016 оны тогтоолоор байгуулж, сард дунджаар 10 мянга гаруй дуудлага хүлээн авч, хүүхэд өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгч, хүүхэд хамгааллын шуурхай тусламж үзүүлэн ажиллаж байна. Тус төв 2017 онд хүүхдийн эрх хамгаалалтай холбоотой 4490 тохиолдолд, аймаг орон нутгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газар хэлтэс, хамтарсан багтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлсэн байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ Түр хамгаалах байрыг Засгийн газрын 2017 оны 231 дүгээр тогтоолоор байгуулж, байгуулагдсанаас хойш 0-18 насны 561 хүүхдийг хүлээн авч хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна. Хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх төвийг Багахангай дүүрэгт байгуулж гэр бүлдээ очих боломжгүй удаан хугацаанд тэнэмэл амьдралтай байгаа 20 хүүхдийг байнга байршуулан нийгэм сэтгэлзүйн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж байна. Эцэг эхийн хариуцлагыг дээшлүүлж, хүүхдээ хүмүүжүүлэх зөв мэдлэг, хандлагад сургах Хүмүүжлийн эерэг арга сургалтыг үндэсний болон хувийн хэвшлийн байгууллага, ажилтнуудад зохион байгуулж, төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшлийн байгууллагад эцэг, эхийн зөвлөл байгуулан ажиллуулна“ гэв.

    Ийнхүү хурал Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрэм, 2018 оны ажлын  төлөвлөгөөнд гишүүдийн саналыг сонсч, асуултад хариулт өгснөөр үргэлжилсэн юм. Энэ үеэр

    Ө.Өсөхбаяр:Боловсролын системд маш их асуудал байна

    /Нийслэлийн Хүүхдийн холбооны Тэргүүн/

    -Би энэ зөвлөлд байгаа ганц хүүхэд нь. Энэ зөвлөгөөний тов ирсэнээс хойш өөрсдөдөө байгаа тулгамдсан асуудлуудыг дугаарлаж үзсэн. Ойролцоогоор 100 гаруй асуудал байна. Энэ бүх асуудлыг гурван минутын хугацаанд ярьж амжихгүй. Төрөөс явуулж буй үйл ажиллагаанууд хамгааллын асуудалд илүү чиглэгдээд хөгжил, оролцооны эрхийг хязгаарласан шинжтэй харагдаж байна. Нөгөө талаас боловсрол, соёл, нийгэм, эдийн засаг, улс төрийн бүх асуудалд хүүхдүүд асуудал болсон байна. Боловсролын системийн уялдаа холбоо байхгүй байна гэдгийг НҮБ-ын 5-р зөвлөмж дээр маш олон удаа дурьдаж өгсөн байна билээ. Цэцэрлэгт  сурсан мэдлэг сургуульд хэрэг болдоггүй. Сургуульд сурсан зүйл нь их сургуульд хэрэглэгддэггүй. Их сургуулиа төгсөөд ажилд орохоор их сургуульд сурсан мэдлэг нь хэрэг болдоггүй. Тэгсэн мөртлөө 25-30 хүртлээ 3-4 диплом авч сурдаг. Боловсролын системд асуудал маш их байна. Боловсролын систем хүүхдүүдийг авлигалын соёлд сургадаг. Багшид яаж бэлэг, мөнгө өгнө, менежерийг хэний аав, ээж сайн танина тэр хүүхдийн дүн сайн гарч байдаг.

    П.Цэвээн:Хүүхдийн санг сэргээх хэрэгтэй

    /Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч/

    -Хүүхдийн төлөө үндэсний газар байхад 34 орон тоотой байсан. Гэтэл гэр бүл, залуучуудын асуудлыг нэмсэн хэрнээ орон тоо нь нэмэгддэггүй. Энэ орон тоо бүтэц гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлыг шийдэхэд боломжтой гэж үздэг үү. Миний хувьд боломжгүй мэт харагдаж байна. Хүүхдийн төлөө фонд гэж итгэлдээ хэллээ. Тусгай сангийн хуульд байсан Хүүхдийн санг хасчихсан. Үүнийг сэргээх талаар тодорхой ажил хийх хэрэгтэй.

    Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд санал хэлж, асуулт асуусны дараа Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрэм, 2018 оны ажлын  төлөвлөгөөг баталлаа. Хурлын төгсөлд, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх “Өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлыг хийлээ. Цаашид хурлыг тогтмолжуулна. Та бүхний тавьсан саналыг Ерөнхий сайдын хувьд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд сонсож хүлээж авна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд ч, эцэг хүний хувьд ч хүүхдийн асуудалд онцгойлон анхаарах ёстой гэж бодож байна. Үр хүүхдэдээ хайргүй хүн гэж байхгүй. Улс орны үндэс суурь, тусгаар тогтнол үр хүүхдүүдтэй минь холбоотой. Тийм учраас үр хүүхэд рүүгээ хандсан төрийн бодлогыг бид тууштай явуулах зайлшгүй шаардлагатай. Энэ бол бидний үүрэг, хариуцлага. Тиймээс Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлыг тогтмолжуулж холбогдох асуудлыг сонсож, цаг хугацаанд шийдэж ажиллах ёстой. Үр хүүхдийнхээ төлөө асуудлыг нь шийдвэрлье гэхэд үгүй гэж хэлэх хүн байхгүй гэж бодож байна. Монгол Улсад ямар ч албан тушаалтан, ямар ч дарга цэрэг, ямар ч иргэн үр хүүхдийнхээ төлөө “За” гэж хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Хамгийн чухал нь бид хариуцлагатай, зохион байгуулалттай, хурдтай, хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах хэрэгтэй” хэмээгээд холбогдох яам, агентлагийн дарга нарт дараах үүргийг өглөө.

    ХНХЯ, СЯ -Хүүхдийн асрамж халамжийн төвд өсч хүмүүжиж байгаа хагас, бүтэн өнчин хүүхдүүдийг гэр бүл түүнтэй дүйцэхүйц орчинд өсгөх асуудлаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд шаардагдах хөрөнгө төсвийг судлаж, шийдвэрлэх.

    - Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасан хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төсөлд санхүүжүүлэх хөрөнгийг судалж, шийдвэрлэх.

    БСШУСЯ - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд заасан дүрэм, журмыг баталж, чиг үүргээ биелүүлэх. Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхдээ Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хөтөлбөр, төлөвлөгөө гарган мөрдөх.

    - Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хүүхэд, өсвөр үе, багш, албан хаагчид, эцэг эхчүүдэд сургалт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахад чиглүүлэх. Боловсролын орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх.

    ЭМЯ – Эрүүл мэндийн яам Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа хохирогчийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хохирогчийн бэртэл гэмтэл, өвчлөлийн шалтгааныг тэмдэглэж, баримтжуулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүргийн хэрэгжилтийг хангаж, ажиллах.

    - Хүүхдийн шүдний цоорол, өвчлөлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн шүдний эмчилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжийг судалж хэрэгжүүлэх.

    БОАЖЯ, ХХААХҮЯ, БХБЯ, УУХҮЯ - Уул уурхай, олборлолт, барилга, аялал жуулчлал, ойн болон хөдөө аж ахуй, газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай тухайн асуудлыг хариуцсан яам, агентлагаас байгуулах гэрээ, тусгай зөвшөөрөл олгох журамд “Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг мөрдөж ажиллах талаар тусгаж, иргэдийн оролцоо, хяналтыг  сайжруулахад дэмжлэг үзүүлэх,  хамтран  ажиллах.

    МХЕГ - Хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн мөлжлөгийн төрлөөр Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенц болон хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулах.

    - Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хориглосон хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд тогтмол хяналт тавих.

    - Цэцэрлэг, сургуулийн хоол, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдалд тогтмол хяналт тавих.

    Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт -  Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, төсөв хөрөнгийг шийдвэрлэх.

    - Улсын Их Хурлаас Хууль зүйн байнгын хорооноос “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах зэрэг үүргийн Ерөнхий сайд, Хүүхдийн үндэсний төлөө зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өгснөөр Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хурал өндөрлөлөө.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨР 600 ОХИД ЧУУЛЛАА

    2018-10-11 01:10:46

    “Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

    2018-10-08 16:36:39

    О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

    2018-10-07 19:50:54

    БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-09-25 17:10:49

    "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т ГБХЗХГ оролцлоо

    2018-09-23 17:02:52

    Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

    2018-09-23 17:01:01

    Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

    2018-09-19 18:44:30

    “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    2018-09-17 16:35:26

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!