УИХ-ын өнөөдрийн чуулганаар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан/OSB/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн баталлаа.
Ойжуулалтын арга хэмжээ гэдэгт сор, шилмэл мод, үр бэлтгэх ой сонгох, плантаци байгуулах, мод сөөгний үр боргоцой бэлтгэж боловсруулах, чанарын шинжилгээ хийх, тарьц суулгац ургуулах, ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, байгалийн сэргэн ургалтанд туслах, ойн зурвас, ургамлын цэцэрлэг байгуулах, голын эх, эрэг дагуу мод тарьж төгөл байгуулах, баянбүрд бий болгох ажил үйлчилгээ хамаарах юм.
Цэцэрлэгжүүлэлтийн арга хэмжээнд төв суурин газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод, сөөг тарих, тэдгээрийг арчлах, таналт хийх, цэцгийн мандал байгуулах, талбайн зүлэгжүүлэлт хийх, ногоон массыг бий болгох бүх ажил үйлчилгээ хамаарна.
Ойн аж ахуйн арга хэмжээ гэдэгт ойн тооллого, ой зохион байгуулалтын ажил, ойн болон дагалт нөөцийн ашиглалт, хамгаалалт, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод бэлтгэлийн талбай тусгаарлах, ойн хөнөөлт шавж, өвчин, ойн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж хамгаалах зэрэг ажил үйлчилгээ орно.
Энэхүү хууль нь 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэх юм.
Мэдээллийн эх сурвалж: Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
Бэлтгэсэн:Хэвлэл мэдээллийн алба