Монгол орон даяар Олон улсын Хүүхдийн эрхийн өдрийг “ХҮҮХЭД –ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ЗГХА Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвсөний нэгэн том арга хэмжээ өнөөдөр боллоо. Улмаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг асрамж халамжийн төвд өсч, торниж буй хүүхдүүдтэй хамт нэгэн өдрийг өнгөрүүллээ. МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.5-д Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлнэ гэж тусгасан байдаг. Энэ утгаараа ГБХЗХГ, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн зохиол “Хөхөө Намжил” дуурийг хүүхдүүдэд үзэж сонирхууллаа. Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн эл дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, 1998 онд шинэчилж тавьсан байдаг. Уг дуурьт морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулдаг билээ. Энэхүү үйл ажиллагаанд Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал, ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес, Гүүд нэйборс ОУБ-ын суурин төлөөлөгч Пак Дон Чол, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд зэрэг бусад албаны хүмүүс оролцсон юм. Мөн энэ үеэр Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ирсэн хүүхэд бүрт гарын бэлгээ гардуулан өгч “Хүүхдүүдийг нэг мөрөөдөлтэй биш олон мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэх ёстой шүү” хэмээн захисан юм.