Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр дүүргийнхээ амьжиргааны түвшин доогуур амьдралтай өрхийн 2000 хүүхдэд бэлэг өгч, урлагийг тоглолт сонирхууллаа. “Ногоон дэлхий манай гэр бүлээс гаралтай” уриатай “Өнөөдөр бидний баярын өдөр” өдөрлөгт дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон дүүргийн удирдлагууд оролцлоо.
Уг арга хэмжээний үеэр 50 ээжид алдарт эхийн I, II одонг гардуулсан бол “Бяцхан цэцэгчин” нэртэй үрсэлгээний сургалт үнэ төлбөргүй явагдаж, дүүргийнхээ “Авьяаслаг гэр бүл”-ийг шалгаруулав. Мөн хүүхдүүдийн дунд “Бид зорилгодоо хүрнэ” спортын уралдаан тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ тодруулан шагнасан юм.
Түүнчлэн гавьяат жүжигчин Б.Туяа дуулж, бүжиглэж Бөхийн өргөөнд ирсэн бяцхан үзэгчдийг байлдан дагуулсан бол хүүхдийн элч дуучин, ноён Бондгор, дуучин Мино, Амараа нар ая дуугаа өргөсөн. “Өнөөдөр бидний баярын өдөр” өдөрлөгт 84 дүгээр сургуулийн сурагчдын үлээвэр найрал хөгжим, бөмбөрийн хоршсон тоглолт, 14 дүгээр сургуулийн “Ардын бүжиг” хамтлагийнхан, монголын нэр хүнд бүхий циркчид гайхалтай үзүүлбэртэйгээ зочлон бяцхан баянзүрхчүүдэд гэнэтийн бэлэг барив.
Хөдөлмөрч, бүтээлч хүүхдүүдийн бүтээл, тэжээвэр амьтадын үзэсгэлэн худалдаа гарсан нь олон хүүхдийн анхаарлыг татсан юм. Баянзүрх дүүргийн Тамгын газраас зохион байгуулсан эл арга хэмжээнд бяцхан баянзүрхчүүд баярынхаа өдрийг баяр баясгалан, хөгжил хөөр, аз жаргал дүүрэн угтаж байгаад эцэг эхчүүд нь сэтгэл хангалуун байлаа.
