Дархан-Уул аймгийн Ууган сургууль болох Ерөнхий
боловсролын 1 дүгээр сургуульэнэ сарын 12 –ны өдөр “Нээлттэй хаалганы
өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр сургалт болон сурагчдыг
хөгжүүлэх үйл ажиллагаа, сургалтын орчинг эцэг эхчүүдэд сурталчилахын зэрэгцээ
сурагчид эцэг эхчүүддээ энэ хичээлийн жилд сурсан, мэдсэнээ тайлагналаа. Өдөрлөгт
аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэсүх
нар оролцов.
2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нийт 54 багш, 23 ажиллагсад, 857 суралцагчтайгаар хичээл, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус сургууль нь Боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, суралцагч бүрийг дэмжин, хүүхэд хөгжүүлэх цагаар хүүхэд бүрийн нас, сэтгэхүй, сонирхолд тохирсон дугуйлан секцүүдийг хичээллүүлдэг байна. Тухайлбал, сагсан бөмбөг, гар бөмбөг, чөлөөт бөх, хөнгөн атлетик, хөл бөмбөгийн секцүүдийг хичээллүүлсэнээр сурагчид өндөр амжилт гарган 2016-2017 оны хичээлийн жилд Спортын тэргүүний сургууль “Өргөмжлөл”-өөр шагнагджээ.
Мөн 1 дүгээр сургуулийн багш, удирдлагууд сурагчдын авьяасыг хөгжүүлэх чиглэлээр математик сэтгэлгээг хөгжүүлэх IQ, шатар, даам зэрэг дугуйлангуудыг хичээллүүхээс гадна Ц.Нансалмаа багштай Үлээвэр хөгжмийн дугуйлан болон дууны дугуйлан хичээллэдэг ажээ. Түүнчлэн Дэлхийн банк болон Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “ Боловсролын чанарын шинэчлэл төсөл”-ийн Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт “ Үгээр урлахуй” төслийг амжилттай хэрэгжүүлж байна . Мөн Байгалийн ухааны хичээлээр “Бяцхан судлаач” төсөл бичин 2 дахь удаагаа шалгарч уг хөтөлбөрт хамрагдахаар болсон юм.
Энэ хичээлийн жилд 1 дүгээр сургуулийн хамт олон нь Улсын олимпиадын 2 дугаар шатанд математик, түүх нийгэм, биологи, технологийн хичээлүүдээр 3 сурагч, 4 багш медаль хүртсэн аж. Харин бага ангийн сурагчдын дунд зохиогдсон Кенгуру олимпиадад 9 сурагч амжилттай оролцож 1-3 дугаар зэргийн диплом авсан байна. Түүнчлэн Сэтгэх чадварын улсын олимпиад, “Ирээдүйн мянгат 2017” математикийн анхдугаар уралдаан зэргээс тус тус хүрэл медаль хүртжээ.
Үүнээс гадна аймгийн Хүндийн өргөлтийн аварга шалгаруулах спортын тэмцээнд 8 сурагч оролцож 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бол аймгийн аварга шалгаруулах Чөлөөт бүжгийн тэмцээнд хүрэл медаль, Дархан-Уул аймгийн 55 жилийн ойг угтсан Хүүхдийн язгуур урлагийн наадмаас мөнгө, хүрэл медалийг тус тус хүртсэн зэрэг арвин амжилтаар энэ хичээлийн жилээ 1 дүгээр сургуулийн оюунлаг, авьяаслаг сурагчид үдэж байна.
М.ГҮНЖИЛХАМ