- Сумын хэмжээнд одоогоор ямар ажил өрнөж байна вэ?
- Малчдаа эргэж тойрох, өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймгийн удирдлагуудтай хамт сумынхаа малчин өрхөд хивэг, эм, хэрэгсэл, элгэвч нэмнээ зэрэг ахуйн хэрэглээний зүйлсийг хүргэлээ. Өнгөрөгч намар газрын гарц сайн байсан учраас малчид хадлан тэжээлээ харьцангуй сайн нөөцөлж чадсан. Гэвч 1 дүгээр сарын 15-даар цаг агаар огцом хүйтэрч, хүчтэй шуурсны улмаас цас хунгарлан хатуурч, бог малын шилбэ халцрах, өвөлжилт хүндрэх нөхцөл үүссэн. “Улсын нөөцөөс буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй хуваарилсан 10 тн өвсийг үнэ төлбөргүй, 5 тн тэжээлийг 50%-ийн хямдралтай үнээр, манай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Уулс ноён ХХК нь 2 дугаар багийн иргэдэд 5 тн тэжээлийг тусламж үзүүлж алслагдсан нутаг дэвсгэрт өвөлжиж байгаа малчин өрхүүдэд үнэ төлбөргүй олголоо. Бог малын гоц халдварт “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг ОБГ, ХААГазруудтай хамтран 475 өрхийн 89529 хонин толгойд хийлээ
- Хонгорчууд цагаан сарын баяраа ямар амжилтаар угтаж байна вэ?
- Сар шинийн өмнөхөн манай сумаас Улсын аварга малчин төрлөө. Аварга малчны алдрыг хүртсэн М.Уайхан гуайн хувьд 2005, 2007 онуудад 1015 толгой мал тоолуулж мянгат малчин болсны дээр 2011 онд “Алтан төлийн эзэн, 2015 онд “Хөдөө аж ахуйн хүндэт профессор” цол авсан. Эрлийз, цэвэр эрлийз Баяд, Үзэмчин, Керей үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Казахын цагаан толгойт, Симменталь үүлдрийн, нутгийн шилмэл сүргийг үржүүлж өсвөр хээлтүүлэгч бойжуулан сумынхаа малчдад борлуулдаг. Мал багатай, эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшин доогуур амьдралтай айл өрхийг малжуулахаас гадна аймаг, сумын хөгжилд хандив, дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг малчин байгаа юм. Мөн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй “Өглөгчийн Хэрэм” ХХК “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа. Тус компани нь сүүлийн 3 жилд 680-1000 га-д тариалалт хийж 269,5-1655,9 тонн ургац хураан, нэгжээс дунджаар 16-24,7 цн ургацыг хураан авсан. Хөрсийг элэгдлээс хамгаалах, шим тэжээлийг нэмэгдүүлэх, уринш боловсруулалт, үрийн чанарыг сайжруулах чиглэлээр эрдэм шинжилгээний болон мэргэжлийн, төслийн байгууллагуудтай байнга хамтран ажилладаг манай аймгийн томоохон аж ахуйн нэгжийн нэг юм. Энэ бол манай сумынханы хувьд сар шинээ угтсан маш том амжилт байлаа.
-Улирч буй жил газар тариаланд ээлтэй сайхан жил өнгөрсөн гэж ярьцгааж байна. Хонгорчуудын хувьд ямар хэмжээний ургац хурааж авав?
- 2016 онд 16,9 мянган га талбайд үр тариа, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалж, 13,7 мянган га талбайд уриншийн боловсруулалт хийсэн. Мөн малын тэжээлийн ургамал 170 га талбайд тариалж 306 тн-ыг, овъёос 62 га талбайд тариалж 55 тн, хөх тариа 43 га талбайд тариалж 72 тн ургац тус тус хураасан. Ер нь бид үр тарианаас гадна хадлангийн талбай хаших, малын тэжээлийн ургамал тариалахыг бодлогоор дэмжиж байна. Энэ ч утгаараа Салхит багийн хоёр иргэнд хүсэлтийн дагуу малын тэжээлийн ургамал тариалах 0,5 га газар олгосон. Түүнчлэн жимс, жимсгэнийн зориулалтаар олгох газрын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 3 га газрыг нэг нөхөрлөлд олгож, 4000 суулгац тариалсан. Сумандаа “Алтан-Намар-2016” ургацын баяраа тэмдэглэж, мах сүү, цагаан идээ, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөхийн барилдаан зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа. Ургацын баярт нийт 150 гаруй аж ахуй нэгж, иргэн оролцон 2016 онд хийсэн ажлаа дүгнэж 2017 онд хийх ажлынхаа зорилтыг тодорхойлсон.
-Таны ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр тань хэдэн багц, зорилтоос бүрдсэн бэ? Онцлог ажлуудаас дурьдана уу?
Нийтдээ 7 бүлэг, 101 зорилтоос бүрдэж байгаа. Үйл ажиллагааны хувьд нутаг орны хөгжилд бодитой нэмэр болохуйц байгаль орчинд сөрөг нөлөөгүй аливаа хөрөнгө оруулалтын ажлыг дэмжинэ. Тухайлбал: БНЧУлсын Засгийн газраас санхүүжүүлж байгаа “Монгол улсын ойн экологийн төрөл зүйлийн генийн сангийн хөгжил” төсөл 2015 оноос эхлэн Хонгор сумын “Ойн анги” ОНӨҮГ-ыг түшиглэн “Домогт Шарын Гол” ойн мэргэжлийн байгууллагад 1 тэрбум 900 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Төслийн хүрээнд ой үржүүлгийн талбайд 6 хүлэмж баригдан хүлэмжинд 100.000 шилмүүст навчит модны үр, тарьцыг тарьж байна. Шинээр бортоготой тарьц ургуулах Патрик технологийг нэвтрүүлж ой үржүүлгийн нэгдсэн төвтэй болж үрийн шинжилгээний лаборатори, хусны нүүрс шатаах зуухыг тус тус оруулж ирээд байна. Энэ мэтчлэн сумын хөгжилд дэм болохуйц төсөл хөтөлбөрийг идэвхитэй дэмжиж ажиллана.
Үүний зэрэгцээ байгалийн баялаг, ойн сангийн үйл ажиллагаанаас гарч буй ашгийг орон нутгийн иргэд хүртэх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарна. Энэ хүрээнд ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагуудыг чадавхижуулах чиглэлээр үе шаттай сургалтуудад хамруулж байна. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газраас Ойн анги, ойн нөхөрлөлүүдийг мэдээллээр хангах зорилгоор “Ойн анги” ОНӨҮГ-ыг сургалт мэдээллийн загвар төв болгохоор сонгон 5.720.900 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр ханган ойн ангийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж 5 нөхөрлөлүүдийг дэмжиж хамтран ажиллаж байна.
2016 онд ойн цэвэрлэгээгээр 5 ойн нөхөрлөл нийт 50 га талбайгаас 234 м.куб нарс бэлтгэсэн. Мөн 3100 м.куб түлээний эрхийн бичиг ирснийг 570 өрхөд 2370 м.куб түлээний эрхийн бичи олгосон.
- Хонгор сумын нутаг дэвсгэрт уул уурхайн зориулалтаар ашиглагдаж эвдэрсэн газрууд багагүй бий. Тэдгээр газруудын нөхөн сэргээх ажилд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?
- Уулс Ноён ХХК-ийн 2016 оны уулын ажлын төлөвлөгөөнд хяналт тавьж 3,8 га газарт техникийн нөхөн сэргээлт, 0.2 га газарт биологийн нөхөн сэргээлт хийлгэж орон нутагтаа хүлээн авлаа. Сумын засаг даргын удирдамжаар 19, БОГазар, МХГазар, Цагдаагийн байгууллагатай хамтарсан удирдамжаар 5 удаагийн хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтын дийлэнх хувийг уул уурхайн чиглэлээр хууль бус ашигт малтмал олборлолт, ойн тухай хууль, газрын тухай хуулийн хэрэгжилт хангуулах чиглэлээр хийсэн.
- Хөрөнгө оруулалтын аливаа ажлыг иргэдийн санаачилга, саналд тулгуурлан хэрэгжүүлэх тухай их ярих болжээ. Танай сумын тухайд?
-Тэгэлгүй яахав. Иргэдийн саналд тулгуурласан олон ажил бий. Тухайлбал: ОНХС-гийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх 25 төрлийн санал иргэдээс ирснийг эрэмбэлэн сумын ИТХ-аар хэлэлцүүлж “Сумын төвийн тохижилт” төслийг 280,2 сая төгрөгийн санхүүжилтээр “Пи-Си-ЭФ” ХХК гүйцэтгэж байна. 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй тус ажлыг 2017 оны 5 дугаар сард хийж дуусгахаар гэрээг сунгасан. Урьд оны төсвийн хэмнэгдсэн зардлаар ЗДТГ-ын I, II байр болон 1, 3 дугаар багт нийт 30 ширхэг камерыг 9,4 сая төгрөгөөр “Сальхачаү” ХХК, ЗДТГ-ын II байрны дээвэр, багийн байрны засварыг “Шүүдэр гранд” ХХК 16,8 төгрөгийн хөрөнгөөр тус тус хийж гүйцэтгээд байна.
Сумын эдийн засаг, нийгмийг 2017онд хөгжүүлэх зорилтыг “ Иргэд,аж ахуйн нэгж байгууллагынхаа бүтээлч санаачлага, идэвхтэй хамтын ажиллагаанд тулгуурлан орон нутгаа хөгжүүлэх” жил болгон зарласан. 2017 онд сум орон нутгаа хөгжлүүлэх 42 ажил төлөвлөж 10 ажлыг нь ОНХСан болон олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар хийхээр болоод байна. Мөн 2017.2 дугаар сарын 10-нд тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн дунд “ Хөгжлийн төлөө хамтдаа” уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж 64 аж ахуйн нэгж оролцож 340,8 сая төгрөгийн 18 ажил хийхээр болоод байна.
- Сум хөгжүүлэх сангийн зээлийн үр дүн, эргэн төлөлт ямар байна вэ?
- Сум хөгжүүлэх санд 198 сая төгрөг төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 85 сая төгрөг төвлөрсөн. Сангийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор эвлэрлийн гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ онд бүтээн байгуулалтын чиглэлээр гурван иргэнд 30 сая төгрөгийн зээл олгосон. Цаашид тус сангийн зээл олгох ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулж, зээлийн эргэн төлөлтөд тавих хяналтыг сайжруулж, сангийн хөрөнгийг нэмэгдүүлж ажиллана.
- Сумынхаа иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах чиглэлд ямар бодлого барьж байна вэ?
- Иргэдийг
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон банк бус санхүүгийн байгууллагуудын
хөнгөлөлттэй зээл, тусламжинд хэрхэн хамруулж өрхийн орлогыг нэмэгдүүлэд
анхаарч байгаа. Өнгөрсөн хугацаанд төслийн зээлэнд хувиараа хөдөлмөр эрхлэгч
зургаан иргэн, нэг хоршоог хамруулж нийт 23,5 сая төгрөгийн зээл олгож 15 ажлын
байр бий болгосон байх юм. Мөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт 22 иргэн
хамрагдаж 57,5 сая төгрөгийн зээл авч 35 ажлын байр шинээр бий болгосон байна. Бүлгийн
зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд 8 иргэн 2 га
газар хүнсний ногоо тариалж нийт 58 байнгын болон түр ажлын байр бий болсон. Хөдөлмөрийн
зах зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй ажил хайгч 151 иргэн бүртгэлтэй байна. Өнгөрсөн хугацаанд нийтийг
хамарсан ажлын хүрээнд нийт 62 иргэн түр ажлын байраар хангагдаж, ХХҮХэлтсээс
7,2 сая төгрөгийн ажлын хөлс авсан байна. Цаашид хоршиж ажиллах давуу талыг
иргэд, малчдад сурталчлах ажлыг зохион байгуулж хоршоо байгуулах санал, санаачилгыг
дэмжиж ажиллана. Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн чиглэлээр 4 хоршоо үйл
ажиллагаа явуулж байна.
- Япон улсын Засгийн газрын Буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд2017 онд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн дотуур байрны засварын ажлыг хийхээр болсон гэж дуулсан. Энэ ажил хэдийгээр эхлэх вэ?
- 2016 оны 12 дугаар сард Япон улсын Элчин сайдын яаманд Сургуулийн дотуур байрны засварын ажлыг 164.0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болсон. Засварын ажлыг 2017 оны 6 дугаар сард эхлүүлнэ. Ер нь ирэх дөрвөн жилд боловсролын байгууллагуудын сургалтын орчин нөхцлийг сайжруулахад анхаарна. Өнөөдрийн байдлаар Дэлхийн банкны 11,6 сая төгрөгийн санхүүжилтээр 11 дүгээр сургуульд “Сэтгэл бодохуйн сэтгэхүйн үндэс” төсөл, 14-р сургуульд сурвалжлагч, нэвтрүүлэгч хүүхдийг бэлтгэх “Бидний дуу хоолой” радио төсөл тус тус хэрэгжиж байна. Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хэрэгжиж буй “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд 6,8 сая төгрөгийн үнэ бүхий электрон самбарыг 11,14 дүгээр сургуульд тус тус олгосон. Мөн 11 дүгээр сургуулийн спорт заалны шалыг солих ажлыг УБТЗ-ын 22 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн.
- Ярилцсанд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
- Баярлалаа. Айлчлан ирж буй гал тахиа жилдээ тодорхой зорилго тавьж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хийж бүтээхийн төлөө хүчин зүтгэсэн Хонгор нутгийн иргэдийн ажил үйлс, амьдрал ахуйн өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ярилцсан: Х.Соёл-Эрдэнэ