Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж аймгийн удирдлагууд болон ахмадын хороотой хамтран өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж зарим ахмадуудыг шагнаж урамшуулдаг уламжлалтай билээ.
Энэ дагуу өнөөдөр /2017.2.23/ аймгийн Залуучууд театрт ахмадууд хүндэтгэл үзүүллээ. Дархан-Уул аймагт 9581 өндөр настан амьдарч байна. ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогод тусгагдсан зарим чиг үүрэг тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг олон асуудлуудыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулан жил бүр аймгийн Ахмадын хороотой хамтран ажиллах гэрээ байгуулж урлаг спортын болон олон талт ажил үйлчилгээг хамтран зохион байгуулах замаар ахмадуудынхаа амьдралыг сайжруулахад анхаарч ирсний үр дүнд Ахмадын хороо нь 2016 онд ажлын үр дүнгээрээ “Улсын тэргүүний ахмадын хороо”-оор шалгарсан амжилтыг үзүүлжээ.
Цаашид ахмадуудаа дэмжих зорилгоор 2017 онд ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулснаар ахмадууд төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна. Ингэснээр ахмадууд өөрөө өөртөө ажлын байр бий болгох бөгөөд өөрт байгаа туршлагаа хойч үедээ өвлүүлэх зорилгоор “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ”-г хэрэгжүүлэх боломжтой болж байна.
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний төгсгөлд
“Найрамдлын Дархан” тэмдэг, “Тэргүүний ажилтан”, Хүндэт жуухаар нийт 16-н ахмад
настан шагнагдлаа. Мөн Монголын Ахмадын холбооны хүндэт тэмдгээр 12,
Хүндэт өргөмжлөлөөр 5, Дархан-Уул аймгийн Ахмадын холбооны хүндэт ахмад цол
тэмдгээр 12, Хүндэт өргөмжлөлөөр 5 өндөр настан энгэрээ мялаалаа. Түүнчлэн
аймгийн Ахмадын хорооны шагнал Ахмадад ээлтэй байгууллагаар 10 байгууллага
шалгарч батламжаа гардаж авсан юм.