Цагтаа Чандаган САА байхдаа 1984-85 онд ургацын төлөвлөгөөг 140% биелүүлж улсад тэргүүлж байсан газар тариалангийн түүхэн нутаг- Өлзийт тосгонд тариаланчдын зөвлөлгөөн үзүүлэх харуулах юм ихтэй, сайхан дурсамжтай, шинэ технологийн хичээл сургалттай, тариаланчдын халуун яриа ихтэй, зохион байгуулалтын өндөр түвшинд боллоо. Үүнд аймгийн Ерөнхий агрономч Ц.Мөнхзул, тосгоны захирагч Д.Алтаннар гэсэн хоёр бүсгүйн хичээл зүтгэл их байлаа.
Зөвлөлгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга, –Манай аймаг мал аж ахуй газар тариаланг хослуулан хөгжүүлнэ. Тарианд мал ордог явдлыг зогсоохын тулд орон нутгийн зүгээс шийдвэр гаргана. Ургац хураалтын үед цагдаагийн хамгаалалт гаргаж байя. Техникийн шинэчлэл хийхэд Яамтай хамтарч ажиллая, мэргэжлийн агрономч, инженерүүдийн зөвлөх багийг Засаг даргын дэргэд ажиллуулъя. Үрийн нэгдсэн бодлого барьж ажиллана. Нутагтаа тарьсан улаан буудайгаараа үйлдвэрлэсэн гурилаа хэрэглэдэг болъё. Газар тариалангийн шинэчлэлийн бодлогыг цаасан дээр буулгаад орхихгүй бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа илэрхийллээ.