Аймгийн ахмадын Сүлд модны цэнгүүн өнөөдөр /2016.12.31/ боллоо. Цэнгүүнд аймгийн Засаг дарга С.Насанбат оролцож хүндэт ахмадууддаа баярын мэнд дэвшүүллээ. Энэ үеэр аймаг орон нутагтаа залуу нас, хүч хөдөлмөрөө зориулсан зарим ахмад буурлуудаа “Найрамдлын Дархан” тэмдэг, “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасан юм. Мөн тамирчин н.Шуураа гуай Спортын мастер цол хүртлээ. Тэрээр гар бөмбөгөөр 50 жил хичээллэж, улсын болон ОУ-ын чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцож аймаг, орон нутгийнхаа нэрийг цуурайтуулж явсан гавьяатай.
Сүлд модны наадмын хамгийн хүсэн хүлээсэн мөч бол Өвлийн өвгөн аав, цасан охидын хамтаар морилон ирж, бэлэг тараах байдаг. Энэ өдөр өвлийн өвгөн ааваас 20 гаруй ахмадууд маань бэлэг гардан авлаа. Тэд анхны шинэ жилийн тухай дурсамжаасаа хуваалцаж , тэр үед бэлгэд баавгайтай чихэр, шоколад, мандарин,алим авдаг байсан тухайгаа дурсан ярьж байлаа.
Өнөөдрийн
байдлаар Дархан-Уул аймагт 8951 ахмад настан ажиллаж, амьдарч байна гэсэн
судалгаа байдаг. Аймгийн ЗДТГ нь эдгээр ахмадуудад чиглэсэн олон үйл ажиллагааг
аймгийн Ахмадын хороотой хамтран зохион байгуулдаг. Ахмадын хороо нь Дархан,
Шарын гол, Орхон, Хонгор сумын Салхит багт орон тооны ахмадын хороо, 24 баг
төрийн болон хувийн хэвшлийн томоохон үйлдвэр, ААН-ийн дэргэд орон тооны бус
123 анхан шатны зөвлөл ажиллаж, түүнд 350 гаруй идэвхтэн хамрагдан 8900 гаруй
ахмад настнуудын дунд үйл ажиллагаагаа явуулж байна.
М.ГҮНЖИЛХАМ