Г.БҮРЭНБАТ:“Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
- Таныг Дарханыхаа үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг нэгтгэх чиглэлээр ихээхэн идэвхтэй ажиллаж байгаа залуу гэдгийг хэн бүхэн мэдэх болжээ. Энэ ажлыг эхлүүлэх санаачилга хэзээ төрөв?
- Нийгэмд олон тулгамдсан асуудал байна. Тэр бүхэнд шийдэл хэрэгтэй. Шийдэл бүрт цаг хугацаа, зардал мөнгөний хэрэгцээ гарна. Үүнийг чаддаг нэг нь шийдээд, мэддэг хэсэг нь санаачлаад, ААН-үүдээ дэмжиж хамтын ажиллагааг эрхэмлэвэл хөгжил дэвшил гэдэг бол хүн хүрч болдоггүй оргил биш, хийж болдоггүй ажил биш юм. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн Дархан хотын хөгжил байх болно гэж харж байна. Энэ үүднээс төр, хувийн хэвшлийн гүүр болж ажиллахыг эрхэмлэж, энэ ажлаа эхлүүлсэн дээ. Бид олон түмний тусын төлөө төрд хэрэгтэй түмэн олонд тустай ажлуудыг санаачилан хийсээр байх болно. УИХ-ын гишүүд, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, орон нутгийн төр захиргааны удирдлагуудтай хамтран иргэдийн өмнө тулгамдсан асуудал бүрийг шийдэхийн төлөө хичээнэ.
- Холбооныхоо талаар танилцуулаач. Танай холбооны эрхэм зорилго юу вэ? Өнөөдрийн байдлаар хичнээн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нэгдээд байна вэ?
- “Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо” нь аймгийн нийт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг нэгтгэн нийлүүлж эвийн хүчийг эрхэмлэж, ихийг хийж бүтээхийг зорьж байна. Үүний нэг хэсэг нь үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэгтгэн борлуулах зориулалтаар нээгдсэн “ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ” борлуулалтын цэгүүд байна. Манайх 60 орчим үйлдвэрлэгчдийн 150 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОУХТөв болон Дархан зах гэсэн хүний төвлөрөл бий болсон 2 том цэгээр борлуулалтаа хийж байна. Өрхийн болон ЖДҮ эрхлэгч бүрт манай үүд хаалга нээлттэй. Одоогоор өндөр шалгуур тавилгүй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрийг нь борлуулж байна. Тухайн бараа бүтээгдэхүүн нь өнгө загвар чанартаа тохирсон үнэтэй л байх ёстой. Манай холбоо үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг дагуулж өрх бүрээ үйлдвэрлэгч болгож иргэн бүрээ ажилтай орлоготой болгоно гэсэн уриатай ажиллаж байгаа.
-Үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжихийг төрийн зүгээс байнга уриалдаг. Гэхдээ амьдрал дээр үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодитой ажил харагдахгүй, цөөхөн хэдэн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнийн хувьд өндөр байгаад байдаг. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Үйлдвэрлэгч рүү чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байгаагийн нэг нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, богино цаг хугацаанд иргэдийн хэрэгцээг шаардлагад нийцсэн олон төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн явцыг боловсронгуй болгох замаар Монголд үйлдвэрлэсэн барааны үнийг хямдруулах бодлого барьж байна. Үүний тулд чиглэл бүрээр нь үйлдвэрлэгчдээ нэгтгэн баг болгож багийн зохион байгуулалтаар кластерийн системээр үйлдвэрлэл явуулж чанар стандартыг нэвтрүүлж чиглэл бүрийн бараанд брэнджүүлэлт хийн үнэ цэнэ оруулан зах зээлд нийлүүлэх шаардлагатай байгаа. Ингэж байж Монголын зах зээлийг Дарханы үйлдвэрлэгчид хангах цаашлаад дэлхийн зах зээлд гаргах боломж бий болно. Тухайлбал: Тун удахгүй Дархан-Уул аймгийн “ГҮНТЭН” брэндийн бүтээгдэхүүн өргөн сонголттойгоор худалдаанд гарна. Гүнтэн гэдэг үг нь гүнзгий, агуу их, гайхалтай дээд зэрэглэлийн гэсэн утгыг агуулсан нэр юм билээ.
- Төрөөс ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд ямар ажлуудыг авч хэрэгжүүлээсэй гэж боддог вэ?
- Төр засгаас бидний ажлыг төрийн бодлогын хэмжээнд дэмжиж орон даяар хэрэгжүүлвэл Монгол улсыг хэрэглэгчээс үйлдвэрлэгч улс болгох боломжтой. Энэ бол төрийн суурь болсон гэр бүлийн хөгжил, хүний хэрэгцээ болсон мөнгөн орлогыг нэмэгдүүлэх чухал ажил юм. Өндөр хөгжилтэй улс орнууд үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин хөгжүүлж үйлдвэрлэгчид нь эргээд төрийн суурь болсон гэр бүлээ ажилтай орлоготой баян болгож, баян иргэн улсдаа татвараа төлж улс орноо хөгжүүлсэн байдаг. Манай улс нэг дор 10000 хүний ажлын байр бий болгох томоохон үйлдвэрлэл эхлүүлэх боломжгүй байна. Нэг үйлдвэр бариад хэдхэн хүн авч ажиллуулах биш нийт иргэдийн өөрт нь байгаа чадвар мэдлэгийг ашиглаад өөрсдийг нь хөдөлмөрлүүлээд иргэн бүрээ ажилтай орлоготой болгох зорилготой ажиллаж байгаагаараа манай холбооны давуу тал оршиж байгаа юм. Хэн сэтгэж, хөдөлмөрлөнө тэр хүн үйлдвэрлэл эрхлэж, үйлдвэрлэл эрхлэхгүй нь үйлдвэрлэгчдээ даган ажлын байраар хангагдаж сайхан амьдрах боломж байна. Боломжийг нээсээр байтал хийхгүй сэтгэхгүй бол төр засгийн буруу биш иргэдийн өөрсдийнх нь буруу болно гэсэн үг. Манай холбооны хамтын ажиллагааны хичээл зүтгэл, нэгдмэл байдал идэвхжих тусам иргэд ажилгүй байна, ажлын байр олдохгүй байна, ядуу байна гэж гомдоллох эрхгүй болно.
-Тэгэхээр Монгол улс хөгжихгүй байгаа нэг шалгаан нь иргэний хандлага сэтгэхүйтэй холбоотой гэж ойлгож болох уу?
- Хэн нэгэн нь хийгээд сэтгээд эхлэхээр дэмжээд хамтраад ажиллахын оронд зэрэгцээд дууриагаад эхэлдэгт асуудал байна. Энэ буруу дадлаа хаяж баг болж ажиллах нь хамгаас чухал гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Хэн нэгний сэтгэснийг дууриах нь ориг хуурамч 2 бараа ямар ялгаатай байдаг тийм л гэсэн үг. Хамгийн гол нь санаачилгаа дэмжих нь зөв байдаг. Хуурамч бараа бол тун удахгүй зах зээлээс шахагддагтай адил юм. Ийм буруу дадлаас болж Монгол улс хөгжихгүй байна. Үүнд шийдэл бий болгохоор томоохон ажил эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Өөрчлөлтийг хийхийн тулд системийг нь, эд ангиуд орчныг нь, хүний хандлагыг нь өөрчилж байж шинэ сайн зүйлийг нэвтрүүлдэг юм байна. Үүнийг бид хийх л болно хийж байж л үйлдвэрлэл хөгжиж өрх бүр үйлдвэрлэгч болж улс орон маань хөгжинө. Дээр нь Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг өндөрсгөх шаардлагатай. Монголчууд ажил хийх дургүйдээ биш хийгээд хийсэн ажлын хөлс нь ажил хийгээгүйгээс ялгарах юмгүй байгаа учир хөдөлмөрлөх хүсэлгүй болчихоод байна. Монгол хүнд чадвар мэдлэг байна. Зах зээл түүнийг нь зөв үнэлээд нийгмээрээ дэмжээд өгөх нь хамгаас чухал юм.
- Үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт их чухал. Хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ?
Үйлдвэрлэлийн салбарт хувийн хэвшил, хувь хүний хөрөнгө оруулалт маш чухал. Банк, ББСБ-уудад манай холбооны гишүүдэд зориулсан тусгай хөнгөлөлттэй үйлчилгээ гаргах хүсэлт тавьж байгаа. Үүнд Аригбанк, Төрийн банк, Бичил глобус грүпп, Вишнванд ББСБ зэрэг байгууллагуудтай хамтран ажиллахаар зөвлөлдөж байгаа. Удахгүй барьцаагүй, батлан даалтаар манай холбооны гишүүд бизнесээ өргөжүүлэх, үйлдвэрлэлээ хөгжүүлэх зээлд хамрагдах боломжтой болно гэдэгт итгэлтэй байна. Үр дүнг нь хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч тал хүртэхээс гадна нийгэм тэр аяараа хүртэнэ. Мөнгө, далай хоёр хөдөлгөөнд оршиж эргэлдэж байхдаа үнэ цэнэтэй байж үүргээ биелүүлдэг болохоос хадгалаад арвиждаггүй. Далай давалгаалж эргэлдэхгүй бол дор байгаа ус нь өмхийрдөгтэй агаар нэг юм. Иймээс үйлдвэрлэлд чиглэсэн хөрөнгө оруулалт хийгээрэй гэж иргэд, ААН-үүддээ уриалах байна. Бид үйлдвэрлэлийн салбарт оруулсан хөрөнгө эрсдэлгүй байх батлан даалт, даатгал зэргийг гаргах юм.
- Ер нь холбооны гишүүд олон давуу талуудтай юм аа даа?
- Гишүүддээ зориулсан давуу талуудыг бий болгохоор ажиллаж л байна. Санаж, сэдэж, төлөвлөж байгаа зүйл багагүй байгаа. Боломж, гарц ч олон байдаг. Түүхий эд, тоног төхөөрөмжийг нь хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр авч өгөх, үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг нь ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ дэлгүүрээр дамжуулан борлуулан, Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн уялдаа холбоог сайжруулах харилцан хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж бие биенээ дэмжиж байна. Дархан хотын хөгжлийн бодлогод нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байгаа. Дээр хэлсэнчлэн хүн бүр улсын эрх ашгийг хойш тавин өөрсдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг нь нийгмийн хөгжлийн тушаа болж байна. Олон ажлыг зохион байгуулалттай бодлогын түвшинд хийж гүйцэтгэж чадсанаар шороон замаар дэгэн догон дунд яваа үйлдвэрлэлийн салбар маань засмал зам дээр гарч хурдны тууш замаар урагшлах боломжтой болно.
- Таныг оюутан залуустай хамтран ажилладаг гэж сонссон. Оюутан залуус суралцахынхаа хажуугаар ажилтай орлоготой байхыг эрхэмлэдэг болсон. Энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
- Тэгэлгүй яахав. Холбооны дэргэд оюутан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үйлдвэрлэгчидтэй холбож ажлын байраар хангах зориулалтаар “ШИНЭ ҮЕИЙН НӨХӨРСӨГ ЗАЛУУС” клуб байгуулж клубын дэргэдэх жижиг цехүүд ажиллуулж гишүүдээ ажилтай болгох, гишүүн байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжоор ханган шижигнэсэн сайхан залуустай хамтран ажиллаж байна. Холбоондоо үйлдвэрлэл эрхлэх иргэд, оюутан залуусыг бүртгэж байгаа. Мөн хөрөнгө оруулалт хийж нийгмийн хариуцлагаа биелүүлэх ААН байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
- Баярлалаа.
ЯРИЛЦСАН: Х.СОЁЛ-ЭРДЭНЭ
Дарханы мэдээ сонин 2016/12 дугаар сар, 13 дахь дугаарт