УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн үүсгэн байгуулсан “Төвшин сэтгэл” сангаас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын зөвхөн ахлагч бүрэлдэхүүнээс нэг алба хаагчийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж бусдыгаа манлайлан ажилласныг нь үнэлж “Арван тавны цагдаа” цом, нэг сая төгрөгөөр 2008 оноос шагнадаг уламжлалтай болсон.
9 дэх удаагийн “Арван тавны цагдаа” шагналыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Цэрэнжаргал хүртлээ.
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар 2016 оны Хөдөлмөрийн тэргүүний алба хаагчдаа тодруулах баярын хурлын үеэр энэхүү хүндтэй шагналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гардуулан өгөв.
Цагдаагийн ахлах ахлагч Б.Цэрэнжаргал нь 1998 оноос хойш тасралтгүй 18 жил цагдаагийн албанд ажиллаж байгаа ажээ.