Монгол
Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар 2016 онд хийсэн ажлаа дүгнэж,
бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт гар бие оролцсон инженер, мэргэжилтнүүдээс
шилдгүүдээ тодруулсан
байна. Салбарын багана болсон шилдэг ажилтнууд болон онцлох төсөл
хөтөлбөр хэрэгжүүлэгч хамт олныг энэ сарын 19-ны өдөр Эрчим хүчний дэд сайд
Т.Гантулга, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар хүлээн авч, баяр хүргэжээ.
“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь эрчим хүчний салбарт анх удаа цахилгаан эрчим хүчний хяналт удирдлага, арилжааны автоматжуулалтын систем нэвтрүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд ухаалаг тоолуурын систем, диспетчерийн хяналтын систем, хяналтын камерийн системийг цогцоор нь шийдэж байна. 2016 онд Дархан-Уул аймгийн Дархан, Шарынгол, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагааннуур сум болон “Ховдын цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д нийт 16600 ухаалаг тоолуурыг суурилуулжээ. Тус компани өөрийн хөрөнгөөр олон арван дэд станц, шугам сүлжээг дэвшилтэт технологиор барьж байгуулан хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр ханган ажиллаж байгаа юм. ДарханСэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани техникийн шинэчлэлд багагүй хөрөнгө зарж, мөн алдагдал бууруулах чиглэлд бодитой ажил хийсэн зэргээс харахад түгээх сүлжээнүүдийг хувьчилснаар үр ашигтай ажиллах боломжтой гэдгийг харуулж байна.
Эрчим хүчний салбарын 2016 оны “Шилдэг инженер”-ээр нийт 4 хүн тодорсоны нэг нь “Дарханы Дулааны станц” ТӨХК-ийн тооцооны инженер Я.Ганхуяг байлаа. Тэрээр 1985 онд Эрчим хүч уул уурхайн яамны томилолтоор Дарханы Дулааны цахилгаан станцад хуваарилагдаж ирснээс хойш өнөөг хүртэл тус байгууллагад тасралтгүй 31 ажиллаж буй эрчим хүчний салбар дахь анхны эмэгтэй Турбин засварын мастер төдийгүй станцын үйл ажиллагааг ашигтай, өгөөжтэй жигд ажиллагаатай байлгахын төлөө хичээн ажилладаг эрчим хүчний салбарын шилдэг инженерүүдийн нэг юм.