Энэ сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Хурлын эхэнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор байгуулагдсан “Дархан орон нутгийн зам, тээвэр” ОНӨААТҮГ-ын 2017 оны үйл ажиллагааны төсвийн төсөл, бүтэц орон тооны талаар хэлэлцлээ. Тус байгууллага нь хойд, урд шалган нэвтрүүлэх товчооны 10 ажилтнаас гадна шинээр 7 ажилтны орон тоо нэмж нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирэх онд үйл ажиллагаагаа явуулах юм байна. Аймгийн Ерөнхий эдийн засагчийн танилцуулснаар “Дархан орон нутгийн зам, тээвэр” ОНӨААТҮГ-ын 2017 онд 281 сая төгрөгийн орлоготойгоор ажиллаж 226 сая төгрөгийг ажилчдын цалинд, зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, байрны түрээс зэрэгт зарцуулна хэмээн тооцоолж гаргасан бөгөөд орон нутгийн төсөвт 54 сая төгрөгийг төвлөрүүлэх юм байна. Энэхүү байгууллага нь хот хоорондын болон хот доторх хулгайн тээвэрт мөн хяналт тавин ажиллана.
М.ГҮНЖИЛХАМ