Аймгийн Засаг дарга Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” үндэсний чуулганд оролцлоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар болон Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл ”/ТБУТ/ хамтран 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг чуулганд УУХҮЯ, ЭМЯ, БОАЖЯ, ХНХЯ-ны төлөөлөл, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, бичил уурхай эрхлэгч 11 аймгийн Засаг дарга болон орон нутгийн БОАЖГазрын дарга, бичил уурхайчдын төлөөлөл гээд 300 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд бичил уурхайг зохион байгуулах, албажуулах үйл ажиллагаанд талуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хэрхэн шийдвэрлэх, бичил уурхайгаас олборлосон эрдэс баялгийн борлуулалтын сүлжээг албажуулах талаар хэлэлцлээ. Чуулганы гол зорилго нь бичил уурхайг зохион байгуулах, албажуулах үйл ажиллагаанд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар бичил уурхайг албажуулах үйл явцыг эрчимжүүлэх, бичил уурхайгаас олборлосон эрдэс баялгийн борлуулалтын сүлжээг албажуулах боломжит хувилбарын талаар хэлэлцэж шийдэл олох юм гэж чуулган зохион байгуулагчдын зүгээс мэдээллэж байна.