Эрчим хүчний сайд П.Ганхүү тэргүүтэй холбогдох манай аймагт ажиллах үеэрээ “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн удирдлагууд, ажилтан албан хаагчидтай уулзаж, тэдэнтэй санал солилцлоо. Тус байгууллага нь өвлийн бэлтгэлийг 98 хувьтай хангасан бөгөөд өвөлжилт хэвийн явагдаж буйг удирдлагууд нь хэлж байлаа.
Дархан хотын цахилгаан, дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг найдвартай хангах зорилгоор Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эрчим хүчний үр ашиг-1” хөтөлбөрийн хүрээнд “ДДЦС” ТӨХК-ийг 35 МВт-аар өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлэх Турбины шинэчлэлийн төслийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөл нь ХБНГУ-ын банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа юм.
Төсөл амжилттай хэрэгжиснээр тоног төхөөрөмжийн тодорхой хэсгүүд шинэчлэгдэж, үйлдвэрийн найдвартай үйл ажиллагаа дээшилж, тус станцын насжилт уртсах бөгөөд цорын ганц эх үүсвэртэй Дархан хотын маань цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ найдваржих тухай албаныхан ярьж байлаа.
М.ГҮНЖИЛХАМ