Иргэдийн спортын V наадмын шилдгүүд тодорлоо
Дүүргийн Иргэдийн спортын наадмын шилдгүүд тодорлоо. Энэ жилийн спортын V Наадамд 28 хорооны 1244 гаруй баг, тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанд Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогт, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ нар оролцлоо.
Тус наадам иргэдийг нийтийн биеийн тамир, спортод татан оролцуулах, тэдний нийгмийн идэвхи сонирхолыг нь дэмжих, эрүүл зөв амьдрахад нь туслах, авьяасыг нь хөгжүүлэх зорилгоор спорт явган аялал, олс таталт, сагсан бөмбөг, хийн дасгал аеробек, ширээний шагайн наадгай, волейбол гэсэн спортын зургаан төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг гэсэн дөрвөн үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн юм.
Таван сарын хугацаанд үргэлжилсэн дүүргийн Иргэдийн спортын наадамд нийлбэр дүнгээр П.Мандахбаяр Засаг даргатай 4 дүгээр хорооны тамирчид нэгдүгээр байр, Н.Мөнхтуяа Засаг даргатай 12 дугаар хорооны тамирчид хоёрдугаар байр, С.Ганчимэг Засаг даргатай 16 дугаар хорооны тамирчид гуравдугаар байр эзэллээ.
