Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Нарантуул худалдааны төвд очиж, худалдаачидтай уулзлаа. Нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржтой хамт Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга С.Гантулга, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг нар Нарантуул худалдааны төвийн худалдаачидтай уулзав.
Иргэд удахгүй болох сонгуульд амжилттай оролцож, өмнө нь хийгээд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн, илүү их амжилт гарган ажиллахыг хүсээд, Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж, санал өгөхөө Цахиагийн Элбэгдоржид аминчлан хэлж байсан юм.
Цахиагийн Элбэгдорж Нарантуул худалдааны төвийн гутлын тасгаас бяцхан хүүхдийн гутал худалдан авлаа. Тэрбээр иргэд, олон нийтдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, олуулаа хангалуун сайхан амьдрах эрх, боломж байгаа шүү гэдгийг худалдаачидтай уулзахдаа хэлсэн үгэндээ онцолж байлаа.