Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалт энэ сарын 29-ний өдөр Варшав хотноо болж, монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, польшийн талаас БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ежи Помиановски нар тус тус тэргүүлж оролцов.
Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн явц байдалд дүгнэлт хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, зорилтын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов. Уулзалтын эхэнд Польшийн тал Монгол Улс АОХН-ийг хоёр жилийн туршид амжилттай даргалж, Улаанбаатар хотноо тус нийгэмлэгийн VII Сайд нарын бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулсанд баяр хүргэв. Мөн Польшийн ГХЯ-наас Варшав хотноо зохион байгуулсан Үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачлагын Өндөр түвшний улс төрийн уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польшид хийсэн төрийн айлчлал, Польшийн Сенатын Маршалын Монголд хийсэн албан ёсны айлчлалууд амжилттай хэрэгжсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ эдгээр айлчлалууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв. Мөн талууд цаашид Польшийн ДТГ-ыг Улаанбаатарт сэргээн нээх, 2014 онд хэрэгжүүлэх өндөр дээд хэмжээний айлчлалууд, Монгол, Польшийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.