Дархан
хот 55 нас хүрч, Дарханчууд их ойгоо тэмдэглэж байна. Ойн баяр гэдэг
нэг талаар өнгөрсөн хугацааны олз омог, ололт амжилтаа цэгнэх, түүгээрээ
бахархах, амьдрал, түүхээ зузаатгах алтан мөч, ховор боломж. Мөн цаашхи
60, 70, 80 жилийн ирээдүйгээ зураглаж төлөвлөх нь ч их баярын дундуур
заавал амжуулах ажил хэрэгч алхам байх учиртай.
Ойн баярын хэмнэлээр
дэд бүтэц, зам харгуйгаа засварлаж шинэчлэх зэргээр үлдэцтэй ажлууд
хийгдэж, иргэд аж ахуйн нэгжүүд өөр өөрийн чадах чинээгээр бүтээн босгох
эрчимээр оргилсон намрын өдрүүд үргэлжилж байна. Эдгээрээс тоймлон
хүргэвэл: НААҮГ 5615 гудамжны болон автозамын гэрэл, гэрэлтүүлгийн
засвар үйлчилгээг хийж, шинээр суурилуулсан бол бүх СӨХ-д болон
байгууллага аж ахуйн нэгжүүд гудамж талбайн цэвэрлэгээний ажлыг өргөнөөр
хийжээ. Мөн дараах ойг угтсан томоохон бүтээлч ажлууд төлөвлөгөөний
дагуу хийгдэж дуусаад байна.
“ДАРХАН ХААЛГА” ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой, Дархан хотын 55 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Дарханы барилгачид “Дархан хаалга”-ыг тохижуулан бэлэг барилаа. 1976 онд буюу Дархан хотын 15 жилийн ойг тохиолдуулан хотруу орох хоёр талд хаалга барих шийдвэрийг тухайн үеийн удирдлагууд гаргаж байжээ. Ийнхүү хойд хаалгыг СОТ-1 буюу Зөвлөлтийн барилгын анги, урд хаалгыг СОТ-2 буюу Монгол барилгын цэргийн ангиуд Монголын анхны Архитектор Б.Чимэд гуайн зургаар барьж байгуулж байсан түүхтэй юм.
“Дархан хаалга”-ны зургаан багана нь Дархан хотыг барьж байгуулалцсан Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чех /Чехословак/ зэрэг улсуудын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг бэлгэддэг бөгөөд үүнийг дахин тодруулан багануудад ах дүү Найрамдалт орнуудын сүлдийг шинээр байрлуулж, оройд нь зургаан орны тугийг мандуулсан нь Дархан хот үүсэн байгуулагдсан түүхэн үйл явдлыг Дарханчууддаа дахин сануулахыг зорьжээ.
Энэ хотын бүх орон сууц, барилга байгууламжийг барихад гар бие оролцож явсан барилгын салбархандаа ойн баярын мэнд дэвшүүлж, талархал илэрхийлье.
АВТО ЗАМЫН АЖЛУУД
Энэ
онд манай аймагт сайжруулсан шороон болон асфальт, бетонон хучилттай 10
гаруй авто зам, төв болон хороолол доторх авто замын нөхөөс засварын
ажлууд хийгдлээ. Үүнд:
Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 1А
болон Модны захын 414 метр авто зам, Гурилын үйлдвэрээс Чулуутын гүүр
хүртэлх 1км сайжруулсан шороон зам, Хараагийн гүүрнээс Ширээ нуруу
хүртэлх сайжруулсан 1.3км шороон зам, гуравдугаар багийн 2.5 км
сайжруулсан шороон зам, Дархан сумын 7 дугаар багийн 1.4км, Хабитат
чиглэлийн 1.2км, Мангирт чиглэлийн 0.7км, Хөтөл хороолол чиглэлийн 1.0км
сайжруулсан шороон замын болон алслагдсан гэр хороолол дахь шороон
замуудыг сайжруулж, хусаж засварлах ажил, зэрэг ажлууд хийгдээд байна.
“АЮУЛГҮЙ ЗАМ” ТӨСӨЛ - ХУРД СААРУУЛАГЧ
Иргэдээс
ирсэн гомдол, саналуудыг нэгтгэн нийт 55 байршилд авто замын тэмдэг
тэмдэглэгээ, 9 байршилд авто замын хурд сааруулагчийг тус тус хийж
байна.
Дархан сумын 6 дугаар баг Ханжаргалантын 3, 10 дугаар
гудамжны голын төв авто зам, 7 дугаар баг шинэ Дархан захын урд төв авто
зам, 8 дугаар баг МБМ зочид буудлын өмнөх авто зам, Оюуны ирээдүй
цогцолбор сургуулийн урд авто зам, 13 дугаар багийн Дархан 50
цогцолборын урд зам зэрэг гэзэрт хурд сааруулагчийг хийж байна. Энэхүү
“Аюулгүй зам” төсөл нь 2017 онд ч үргэжилж, хөдөлгөөний эрчим ихтэй авто
замуудын судалгаанд үндэслэн тэмдэг тэмдэглэгээ, гарц зэргийг
сайжруулах ажлуудыг цаашид ч хийх ажээ.
“ЖИШИГ ХОРООЛОЛ-4” ХӨТӨЛБӨР
“Жишиг хороолол-4” хөтөлбөрийн хүрээнд 8, 13, 14, 16 дугаар багийн
зургаан хэсэгт тоглоомын талбайн тохижилт, гэрэлтүүлгийн ажлууд ажил 6
хэсэг газарт хийгдэж байна. Төслийн ажлыг 340 сая төгрөгийн төсөвт
өртөгтэйгөөр “Маргад Монгол” ХХК 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн
хийсэн бөгөөд хотын баяраас урьтаж ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна.
Харин “Бурхан хясаат” ХХК нь 282.1 сая төгрөгийн төсөвтэйгөөр авто замын
өргөтгөл, авто машины зогсоол шинээр гаргах ажлыг 100 хувь хийж
гүйцэтгэсэн байна. Ингэснээр дээрх багийн хүүхэд багачууд, иргэд ая
тухтай орчинд амарч, нарлах боломжтой болж байна.
МАНГИРТЫН БАГАЧУУД “ ТОГЛООМЫН ТАЛБАЙ”-ТАЙ БОЛЛОО
Мангиртын
хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, иргэд нь амарч
суух, бага насны хүүхдүүдээ салхилуулах орчинтой болжээ. 15 дугаар
багийн Мангиртын 7 дугаар хэсэгт шинээр байгуулсан хүүхдийн тоглоомын
талбайг 54.3 сая төгрөгөөр “Ноён өндөр констракшн” ХХК хийж гүйцэтгэжээ.
“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН”-Ы БАРИЛГЫН АЖИЛ 70 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2015 онд зураг төсөл нь хийгдсэн Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэр
дэх “Хүүхэд Хөгжлийн Ордон”-ы барилгын ажил өнөөдрийн байдлаар 70
хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү барилгыг аймгийн ЗДТГ болон Дэлхийн
зөн ОУБ-ууд хамтран бүтээн байгуулж байгаа бөгөөд 50, 50 хувийн хөрөнгө
оруулалтаар буюу нийт 803 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийж
гүйцэтгэж байгаа юм. Хэрэв хөрөнгө оруулалтад асуудал үүсэхгүй бол
гэрээнд заасан хугацаанд буюу энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
хүлээлгэн өгөх ажээ.
55 АЙЛЫН ЦАХИЛГААНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Дархан
Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК нь аймгийн Онцгой байдлын газартай
хамтран Дархан хотын 55 жилийн ойг угтаж нийгмийн хариуцлагаа
ухамсарлан Дархан сумын 1 дүгээр багийн галын аюул гарч болзошгүй,
оруулгын кабель шалбарсан, олон залгаатай зорилтод бүлгийн 55 айлын
цахилгааны дотор болон гадна монтажийн шинэчлэлийг үнэ төлбөргүй хийж
байна. Энэ ажилд тус компаниас 6.1 сая төгрөгийг зарцуулжээ. 2015 онд
ДСЦТС ХК нь үүсэн байгуулагдсаныхаа 50 жилийн ойн хүрээнд 1,2,3 дугаар
багийн гэр хорооллын 50 айлын цахилгааны монтажийг иж бүрэн хийжээ.
ХОНГОР СУМЫН УСАН САНГИЙН ЦАХИЛГААНЫ ШУГАМЫГ ЗАСВАРЛАЛАА
Аймгийн
Захирагчийн албанаас хүсэлт тавьсны дагуу “Цахилгаан дамжуулах үндэсний
сүлжээ” ТӨХК-ийн хамт олон Дархан хотын 55 жилийн ойг тохиолдуулан
Хонгор сумын Усан сангийн байгууламжийн цахилгааны дөрвөн км шугамыг
энэ сарын 13-ны өдөр засварлалаа.
Тус цахилгаан шугам нь Хонгор
сумыг цэвэр ус, дулаанаар хангадаг “Эмт наран” ОНӨААТҮГ-т харьяалагддаг ч
байгуулагдсан цагаасаа хойш хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан ямар ч засвар
үйлчилгээнд ороогүй байна. Тиймээс цахилгааны шугамын найдвартай
ажиллагаа муудсан тул засвар үйлчилгээг яаралтай хийх шаардлага тулгарч
байжээ. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн
салбарын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд засвар үйлчилгээг
ийнхүү хийснээр Хонгор сумыг усаар хангадаг Усан сангийн цахилгааны
шугамын найдвартай үйл ажиллагаа дээшилж байна.