Дархан сумын 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хараа голыг гүүр хүртэлх 1.4 км асфальтбетон авто замын шинэчлэлийн ажил 10 дугаар сарын 14-ний өдөр эхэллээ. Тус замын ажлын гүйцэтгэгчээр “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК ажиллаж байгаа бөгөөд 14 хоногийн дараа бүрэн ашиглалтад орно. Энэхүү авто замыг хамгийн сүүлийн үеийн технологиор буюу хуучин асфальтан зам дээр нь давхар хучилтыг хийн стандартад нийцүүлэн шинэчилж байгаа учир чанарын хувьд өндөр, амархан эвдрэлд идэгдэхгүй гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байна. 2013 оноос өмнөх жилүүдэд зам засварын ажлыг нөхөөс хэлбэрээр олон удаа засварлаж байсан ч үр дүн муутай байсан учир сүүлийн жилүүдэд томоохон замын шинэчлэлийн ажлыг давхар хучилттайгаар хийж байгааг холбогдох албаны хүн мэдээллэж байв.
2013-2016 оны Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хотын гол замууд болох Монгол алтны уулзвараас Хараа голын гүүр хүртэлх авто замыг шинэчлэн засварлахаар тусгасан байдаг. Эдгээр замын ажлууд өнгөрсөн дөрвөн жилд шат дараатайгаар хийгдсэн бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хараа голын гүүр хүртэлх 1.4 км асфальтбетон авто замын шинэчлэлийн ажил хийгдсэнээр 2013-2016 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан авто замын ажлууд 100 хувь хийгдэн дуусч байгаа юм. Энэ хүрээнд Монгол алтны уулзвараас Дархан сумын ЗДТГ хүртэлх 1.6 км авто зам, 2014 онд Дархан сумын ЗДТГ-аас Төмөр замын призм хүртэлх 0.9 км авто зам, 2015 онд Төмөр замын призмээс Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэлх 0.98 км авто замын шинэчлэлүүд тус тус хийгджээ. Харин энэ жил тус газраас Хараа голын гүүр хүртэлх авто замын шинэчлэл хийгдэж буйгаас гадна шинэ Дарханы гол авто замуудыг засварласан юм. Ингэснээр Дарханчууд бид хотынхоо хөдөлгөөн ихтэй авто замуудаар ямар нэгэн хүндрэлгүй зорчих боломж бүрдэж байна.
М.ГҮНЖИЛХАМ