“Хүрэлтогоот - 2016” монголын залуу эрдэмтдийн бага хурал манай аймагт 10 жилийн дараа болж байна. Монголын залуу эрдэмтдийн холбоо нь 2006 оноос эхлэн БСШУЯ-тай хамтран залуу эрдэмтдийн Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан бөгөөд 10 жилийн дараа дахин Дархан-Уул аймагт зохиогдож буйгаараа онцлог болж байна. Энэ удаагийн бага хурал нь хөдөө аж ахуй, био технологийн чиглэлээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг салбарын шилдэг залуу эрдэмтэд оролцож илтгэл тавьж байгаа юм. Тэд “Хорт салст халуурлыг эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг судлалын аргаар оношлох нь, “Яснаас эрдсийн бэлдмэл үйлдвэрлэх технологи” зэрэг 20 гаруй сонирхолтой илтгэлийг танилцууллаа.
Туг хуралд Шинжлэх Ухааны Академи, Ургамал газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэн, Био комбинат, Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС-ийн Технологийн сургууль, МУИС зэрэг байгууллагуудаас залуу эрдэмтэд хүрэлцэн ирж оролцдог байна. Эрдэмтэд энэ төрлийн эрдэм шинжилгээний хуралд оролцсоноор шинэ мэдлэг мэдээлэл олж авахаас гадна судалгаагаа өргөжүүлэх хоорондоо туршлага солилцох, ОУ-ын хэмжээнд бүтээлээ танилцуулах боломжийг нээж өгдгөөрөө ач холбогдолтой.
МУ-ын хэмжээнд 700 гаруй залуу эрдэмтэд байдгийн ихэнх нь Дархан-Уул аймгаас төрөн гарсан байдаг байна. Энэ үеэр манай аймгийн хоёр залуу эрдэмтний бүтээл үйлдвэрлэлд нэвтэрсэн тухай жишээ болгон ярьж байлаа. Цаашид залуу эрдэмтдийн бүтээлийг бодлогоор дэмжин үйлдвэрлэлд нэвтрүүлбэл үр ашгаа өгч дэлхийн төвшинд өрсөлдөх боломжтойг энд онцолж байв. Гэвч эрдэмтэд бүтээлээ инноваци болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал хамгийн ихээр тулгамдаж байдгийг салбарынхан хэлж байсан юм.
Энэ удаагийн бага хурлыг харьяа яамнаас нь ивээн тэтгэж шилдэг илтгэлд дөрвөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгох юм байна.