Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэдэх ХБИ-ийн Хөгжлийн төвийн үйл ажиллагаатай өнөөдөр /2016.09.29/ УИХ дахь Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болон БСШУСЯ-ны төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсгийнхэн танилцлаа. Манай аймгийн хэмжээнд 4700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг.Энэ төвд ХБИ-ийн долоон ТББ үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 100 орчим ХБИ харьяалагддаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эцэг эхчүүдийн холбоо, Насан туршийн боловсрол төв хамтран хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох бүлгийг ажиллуулдаг бөгөөд энд ажиллаж байгаа багш нарын цалинг төсөвт суулгуулж өгөхийг холбогдох мэргэжилтнүүд хүслээ.
Тус төвд мөн тэргэнцэртэй иргэдийн холбоо ажилладаг бөгөөд эргэлтийн хөрөнгөгүйгээс шалтгаалан үйл ажиллагаа цааш явуулахад хүндрэлтэй байгаа юм байна. Харин тэд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ЕБС-дад бага ангийн сурагчдын аяганы уут бэлтгэн нийлүүлэх төслийг санаачилсан бөгөөд аймгийн удирдлага, БСГ, сургуулиудын удирдлагууд дэмжин хэрэгжүүлбэл тэдний хувьд том хөрөнгө оруулалт болно гэдгийг дурдсан. Энэ тухайд аймгийн удирдлагын зүгээс тус төслийг дэмжин хэрэгжүүлэх талаар БСГ-т үүрэг чиглэл өглөө. Мөн дохионы хэлний орчуулагч хэлмэрчдийн холбоо болон,ХБИ-ийн хөгжил бизнес төвийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох хүмүүсийн санал хүсэлтийг сонслоо.