УИХ-ын гишүүн Н.Учрал, О.Баасанхүү тэргүүтэй УИХ дахь Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болон БСШУСЯ-ны төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг 9 дүгээр сарын 29-ний өдөр Энэрэл цогцолбор сургуулийн үйл ажиллагаа танилцаж тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 473 хүүхэд байгаагийн 288 нь энгийн сургалттай ЕБС-д сурдаг харин 51 хүүхэд тус сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж байна. Хууль журмын дагуу ХБХ-ийн нэг бүлэг12-15 сурагч хоёр багштай байх ёстой хэдий ч уг сургуулийн тухайд ХБХ-дийн гурван бүлгийн хүүхдүүдийн тоо хэтэрсэн, бүлэг бүр нэг багштай, сэргээн засалч эмч байхгүй гээд тулгамдаж байгаа асуудлуудаа тавьлаа.
Мөн үеэр ажлын хэсгийнхэн биеийн тамирын заал болон дотуур байрыг засварлаж, сурагчдын сурч боловсрох ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эн тэргүүнд хийх нь зүйтэй гэж үзэж байлаа. Үүнээс гадна ХБХ-үүдийг хараа хяналтгүй хүүхдүүдтэй хамт байрлуулж байгаа нь тэдний нийгмийн хамгааллын асуудал хөндөгдөж байгаа тухай ярилцлаа.
Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэг болох Од цогцолбор сургуулийн 5 дугаар ангийн сурагч Г.Нандин-Эрдэнэ үеийн найзуудынхаа хамтаар дуу дуулж, шүлэг уншиж бэлэг барьсан юм. Үүнээс харахад нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгвөл бусдын адил сурч боловсрох боломж ХБХ-дэд бүрэн байна.
Ийнхүү дээрх ажлын хэсэг манай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн хамгаалал, боловсролд тулгамдаж байгаа асуудлуудтай танилцлаа. Мөн үеэр аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ СӨБ болон ЕБС-иудад бүхий л боломж бололцоогоо ашиглан хамруулж, холбогдох хэлтэс, агентлагууд хамтран хөгжүүлэх, нийгэмшүүлэх олон талын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг албаныхан онцолж байлаа.
М.Гүнжилхам