Улаанбаатар хотод өчигдөр 19 цагийн орчимд дуу цахилгаантай хүчтэй аадар
бороо орсон. Хүчтэй бороо орсны улмаас нийслэлийн ихэнх газрууд үерт
автсан байна. Баянзүрх дүүргийн 1, 2, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 18, 19, 22,
27 дугаар хороо, Монелын гудамж, Дунд дарь эхийн гудамж, Алтан өлгий,
Шар хадны гудамж, Дүүргийн гудамж, Сэлбийн гудамж, Эрдэнэ толгойн
гудамж, Цэргийн хотхон, Голден вилл хотхон, Зүүн хүрээ хотхон, 57 дугаар
байр, 93/А байр, 38/А байр, дүүргийн Татварын хэлтэс, Цэцэрлэгжилт ХХК,
Консулын гудамж үерт автжээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн утсанд
иргэдээс үер усны холбогдолтой 60 гаруй дуудлага иржээ. Иргэд ихэнхдээ
гэрт ус орсон, хувь нь орц болон газар доорхи зоорийн давхар усанд
автсан, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан гэсэн
дуудлага өгчээ. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 хүний
бүрэлдэхүүнтэй, 4 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, иргэдэд
зөвөлгөө өгч шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Мөн дуудлагын
дагуу аврах, хор уршгийг арилгах ажиллагааг газар дээр нь зохион
байгуулсан аж. Цаашид 29-ний өдөр түр зуурын бороо орж, 30-ны өдрөөс
өдөртөө 31-35 хэм хүртэл халах урьдчилсан төлөвтэй байгаа тул ард иргэд
та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс
анхааруулж байна.
