Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн Хороо, Цус сэлбэлт Судлалын Үндэсний төвтэй хамтран сайн дурын авлагагүй цусны донорын өдөрлөгийг зохион байгууллаа.Сайн дурын цус бэлэглэх “Донорын өдөрлөг”-т дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон 28 хороод эрдэнэт хүний амь насыг аврах хүмүүнлэгийн энэрэнгүй үйлст өөрсдийн хувь нэмрийг орууллаа. Цусаа бусдад бэлэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэх ойлголт олон нийтийн дунд байдаг ч эсрэгээрээ цусаа тогтмол өгдөг донор хүний бие эрүүл чийрэг байдаг байна. Түүнчлэн цусаа тогтмол өгдөг донорууд цус багадалтаар өвчилдөггүй, харин ч цус алдалтыг тэсвэрлэх чадвартай болдог байна. Дашрамд дурьдахад Засаг даргын Тамгын газрын хамт олон 2016 оны “шилдэг донор”-оор шалгарсан билээ. Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч хангалт төдийлөн сайн биш байгаа аж. Тиймээс өдөр бүр цусаа бэлэглэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, сайн дурын хариу нэхээгүй цусны донорын эгнээ энэ удаа дүүргийн Тамгын газрын албан хаагчдаар ийнхүү сэлбэгдлээ.
