2016 оны 6 дугаар сарын 23-нд Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хурал болж нийт 10 салбарын 42 стандартыг хэлэлцэн баталлаа.
Үүнээс Хүнсний-3, Эрүүл мэндийн-6, Хими, хими технологийн-1, Хэмжил зүйн-3, Мэдээлэл, харилцаа холбооны-1, Байгаль орчны-2, Төмөр замын-16, Төрийн үйлчилгээний-1, Эрчим хүчний-5, Хөдөлмөрийн нөхцөл аюулгүй байдлын-4 стандартыг тус тус батлажээ.
Хүнсний стандартад шинжилгээний аргын стандартууд орсон бөгөөд хүнсний бүтээгдэхүүний химийн нэгдлийг тодорхойлох аргачлалд тавих шаардлага, сүү ба цөцгийг спиртийн сорьцоор дулаанд тэсвэрлэх чадварыг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Энэ стандарт нь олон улсын түвшинд шинжилгээний аргыг ойртуулах, сайжруулах ач холбогдолтой.
Харин Эрүүл мэндийн салбарын хувьд олон улсын стандартыг эмнэлгийн салбарт нутагшуулах зорилгоор орчуулж байгаа стандарт юм. Эдгээр стандартуудыг хэрэгжүүлснээр эрүүл мэндийн салбарт дэвшил авчрах юм.
Тус хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал бол Хэмжил зүйн стандартууд байв. Тус салбарын стандарт нь олон улсын стандартыг орчуулан гаргаж байгаа юм. Ялангуяа халуун, хүйтэн усны тоолууртай холбоотой стандартуудыг орчуулан гаргаснаар тоолуурын чанар дээшлэх ихээхэн ач холбогдолтой ажээ.
Бидний өдөр тутамд тулгардаг асуудлын нэг бол агаарын чанар. Тиймээс Байгальд байгаа хорт бодисууд, ажлын байрны хорт бодисууд, шатаах зуухнаас гарч буй хорт бодисуудын хэмжээг тодорхойлох нь үүнээс урьдчилан сэргийлэх ач тустай. Тухайлбал чандарлах зуухны яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тодорхойлон стандарт болгон батлалаа.