Олон улсын итгэмжлэлийн форум (IAF), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-аас хамтран санаачилсаны дагуу жил бүрийн 6 дугаар сарын 9-нийг итгэмжлэлийн үйл ажиллагааны ач холбогдлыг таниулах “Дэлхийн итгэмжлэлийн өдөр” болгон 8 дахь жилдээ тэмдэглэж байна.
Итгэмжлэлийн үйл ажиллагаа нь Монгол улсад 1995 оноос эхтэй явагдаж ирсэн. Энэхүү үйл явц нь анх сорилт, хэмжлийн лаборатори, бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагын техникийн чадавхийг үнэлэх хүрээнд хэрэгжиж байсан бол одоо төрөл бүрийн тохирлын үнэлгээний байгууллагын чадавхи, шударга байдал, менежментийн тогтолцоог үнэлэх ажиллагаа болон өргөжөөд байна.
Өнөөдрийн байдлаар сорилтын 106, хэмжил зүйн 40, ур чадварын сорилтыг хэрэгжүүлэгч 3 лаборатори, техникийн хяналтын 10 байгууллага, бүтээгдэхүүний баталгаажуулалтын 24 байгууллага итгэмжлэгдсэн байна.
Энэхүү хугацаанд үндэсний итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудын чадавхи зохих түвшинд хүрч, найдвартай, үнэн зөв үр дүн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүрсэн.
Дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу итгэмжлэлийн үйл ажиллагааг төлөвшүүлэн хөгжүүлэхэд олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагуудтай итгэмжлэлийн үйл явцыг ижилтгэх, үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх үйл явц чухлаар тавигддаг.
СХЗГ нь 2004 онд Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC-Asia Pacific Laboratory Accreditation Cooperation)-д жинхэнэ гишүүнээр, 2007 оны 1 дүгээр сард Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгуулага (ILAC-International Laboratory Accreditation Cooperation)-д гишүүн байгууллагаар, 2009 онд Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC-Pacific Accreditation Cooperation)-д тус тус элссэн.
Улмаар 2012, 2016 онуудад APLAC ба ILAC-ын олон талын хүрээнд Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ХХЗХ)-т сорилт, шалгалт тохируулгын лаборатори, хяналтын байгууллагын итгэмжлэлийн чиглэлээр нэгдэж, олон улсад чадавхи нь хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн байгууллага боллоо.
Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр нь давтан сорилт, хяналтын хэрэгцээг үгүй хийх замаар дэлхийн худалдаанд тодорхой дэмжлэг үзүүлж байна. Бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд гарах бүрт нь давтан сорилт, хяналт хийх нь үнэтэй, цаг үрсэн ажил бөгөөд худалдаан дахь техникийн саад тотгор гэж үздэг. Олон улс, бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүд нь “хаана ч хүлээн зөвшөөрөх нэг тохирлын үнэлгээ, нэг итгэмжлэл” гэсэн зарчимтайгаар ажилладаг.
Өнөөдөр Монгол улсын үндэсний итгэмжлэгдсэн сорилт, шалгалт тохируулгын лабораториуд, хяналтын байгууллагын бараа бүтээгдэхүүнд сорилт, хэмжил хийсэн тайлан, гэрчилгээг ILAC-ын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэн 70 гаруй орны итгэмжлэлийн байгууллагын хүрээнд хүлээн зөвшөөрч байна.