“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн хүрээнд Хоёрдугаар хороонд 200м орчинд wi-fi цацагч байрлуулж, иргэдэд үнэ төлбөргүй цахим орчиноор аялах боломжийг бүрдүүлжээ. Иргэд өөрийн амьдарч буй хорооны утасгүй интернетийн бүсэд холбогдсоноор төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, мэдээ мэдээллээр хангагдах мөн өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо нийслэлийн удирдлагад шууд илгээх боломжтой болно. Хотын үнэгүй, утасгүй интернэтэд холбогдохын тулд иргэд өөрт ойр байрлах хорооны байр орчимд Wifi дэмждэг төхөөрөмжөө ашиглан “UBWiFi” нэртэй сүлжээнд холбогдон бүртгүүлэх хэрэгтэй. Хэрэв өмнө нь цахим газар өмчлөл, цахим зуслангийн газар өмчлөлд бүртгүүлэн хандаж байсан бол тухайн бүртгэлийн мэдээллийг ашиглан утасгүй интернетэд нэвтрэн орох боломжтой.
