Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ болон Засаг даргын урилгаар БНСУ-ын Канвон мужийн Вонжу хотын төлөөлөгчид ажлын айлчлал хийхээр ирсэн бөгөөд өнөөдөр төлөөлөгчдийг дүүргийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, Захиргаа нийгмийн халамжийн хорооны гишүүн, Үйлдвэрлэл, эдийн засгийн хорооны гишүүн, Эдийн засгийн хэлтсийн дарга нарын 12 хүн багтсан байв.
Уулзалтын үеэр, “500 гаруй жилийн түүхтэй танай хоттой
хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Вонжу хоттой харьцуулахад манай хот
залуухан боловч сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт нэмэгдэж, нийгмийн хөгжил
эрчимжсэн. Тиймээс Вонжу хотын эмнэлгийн тоног төхөөрөмжийг монголдоо, тэр
дундаа Баянзүрх дүүрэгт ашиглах боломж бүрдэж байгаад баяртай байна” хэмээн дүүргийн
Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлсэн үгэндээ онцолсон.
Төлөөлөгчид Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, цаашид хамтран ажиллаж, техник тоног төхөөрөмжийн тал дээр тусалж дэмжихээ илэрхийлсэн юм. Мөн БНСУ-ын Канвон мужийн Вонжу хотын төлөөлөгчид Клиникийн нэгдсэн II эмнэлэг, Сонгдо зэрэг эмнэлгүүдтэй танилцаж, сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн танилцуулгыг өгчээ.
Уг уулзалтын зорилго нь хоёр орны хамтын үйл ажиллагааг өргөжүүлэн Монгол улсад бизнесийн түншлэл хайж байгаа бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмж борлуулдаг хувь хүн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай түншлэх явдал аж.
