2016 оны 4-р сарын 22-нд Стандартчилал, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн тухай хууль ба Хэмжилзүйн тухай хуулийн төслийн танилцуулга семинар болж өнгөрлөө. Арга хэмжээнд УИХ-ийн гишүүд болон холбогдох албаны хүмүүс, төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөлөл, Европын холбооны төслийн багийхан оролцож хуулийн төсөлтэй танилцав. Удахгүй тус хоёр хуулийг УИХ–ын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болоод байгаа аж.
Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан өөрчлөлтүүдээс танилцуулъяа.
1.Стандартчилал, техникийн зохицуулалт
1994 онд анх “Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай” хууль батлагдан гарсан түүхтэй. Энэ хуулиийн зохицуулалтаар стандартыг заавал мөрдөх, сонгон хэрэглэх гэсэн хэлбэрийг дагаж мөрдөж байв. Ингээд 2003 онд тус хуулийг шинэчилэн “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хууль гарсан. Энэ хуулиар мөн л стандартыг заавал мөрдөх, сонгон хэрэглэх гэж заасан байдаг. 2003-2014 оны хооронд 200 гаруй стандартын нэр томъёо өөрчөгдсөн. Зөрүү ойлголтууд нилээд гарсан учраас өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Ингээд 2014 оноос хойш Шадар сайдын байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Стандартчиллын тухай хуулийг шинэчилэн боловсруулахаар болжээ. Энэ хуулиар баталгаажуулалт, итгэмжлэлийн асуудал, түүнчлэн тохирлын үнэлгээний асуудлууд, ялангуяа техинкийн зохицуулалтыг өмнөхөөсөө илүү тусгасан юм. Энэ хууль батлагдсанаар стандартыг заавал мөрдөх хэлбэрээс бүх стандартыг сонгон хэрэглэх гэсэн олон улсын жишигт нийцүүлсэн хэлбэрт шилжүүлж байгаа ажээ.
2.Итгэмжлэл
Итгэмжлэлийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж тусдаа бие даасан байгууллага болохоор хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал, Итгэмжлэлийн удирдах зөвлөл нь итгэмжлэлийн байгууллагын үйл ажиллагааны стратеги, бодлого тодорхойлох, түүнд хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус 15 гишүүнтэй байна. Зөвлөлийн ажиллах дүрмийг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана.
Итгэмжлэлийн байгууллага тохирлын үнэлгээний байгууллагын чадавхийг олон улсын стандарт, шалгуурын дагуу үнэлж, итгэмжлэлийг олгоно.
3.Тохирлын үнэлгээ
Хуулийн шинэчлэлээр Европын холбооны жишгийг нутагшуулан аюулгүй байдлын үзүүлэлт, шаардлагыг ханган хөндлөнгийн үнэлгээгээр нотлогдсон бүтээгдэхүүнд “аюулгүй тэмдэг” олгохоор тусгасан. Харин зохицуулалтгүй буюу зөвлөмжийн салбарт аж ахуй нэгж байгууллага нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ стандартаар тогтоосон чанар, аюулгүй байдлын үзүүлэлт шаардлага хангасныг бүтээгдэхүүний баталгаажуулалт буюу хөндлөнгийн тохирлын үнэлгээгээр нотлуулан баталгаажуулалтын тэмдэг авах нөхцөл журмыг энэхүү хуулийн төсөлд тусгасан. Европын холбоонд зохицуулалттай салбарт хамаарахаас бусад, бүтээгдэхүүн, үйлчилгээ, процесс, тогтолцооны баталгаажуулалт хийлгэх ажлыг хүсэлт гаргагч талын сайн дурын үндсэн дээр гүйцэтгэн гэрчилгээ, тэмдэг олгодог жишиг туршлагыг тусгасан юм.
4.Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилэсэн найруулын давуу тал
-Хэмжлийн нэгжийн улсын эталоныг хэмжил зүйн стратеги, бодлого, хөтөлбөрийн дагуу бий болгон Засгийн газар, анхдагч эталоныг Хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батлаж байхаар шинээр зохицуулсан.
-Улсын болон анхдагч эталоны тухай мэдээллийг хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэгтгэн Хэмжил зүйн мэдээллийн санд оруулж байна.
-Хэмжих хэрэгслийн загвар туршилт, баталгаажуулалтыг итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдэн, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
-Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн засаг дарга, төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хэмжил зүйн талаар хүлээх, эрх үүргийг шинээр заасан.
-Хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргээс хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааг хасаж, зөвхөн аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага, итгэмжлэгдэж, эрх олгосон хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр тусгасан нь шинэчилсэн найруулгын давуу тал болж байгаа юм.