Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр нь 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн багш нарын “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох зөвөлгөөн”-ийг амжилттай зохион байгуулав.
Зөвөлгөөнд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон дүүргийн 154 цэцэрлэг, 37 сургуулийн 580 багш, удирдлагууд оролцлоо. Тус хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилд дүүргийн төрийн болон төрийн бус 155 цэцэрлэгийн 20 гаруй мянган хүүхэд, ерөнхий боловсролын 38 сургуулийн 50 мянга орчим сурагч, 4500 орчим багш цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм байна.
Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нээсэн бөгөөд “Зөв монгол хүүхэд үндэсний хөтөлбөр Баянзүрх дүүрэгт амжилттай хэрэгжиж байна. Хүүхэд нэг бүрийг нээн хөгжүүлэх, сурагчдад номыг бүтээлчээр унших соёлыг төлөвшүүлэхэд багш, эцэг эх, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал” хэмээн онцолсон юм.
Энэхүү зөвөлгөөнөөр сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын сургалтын хөтөлбөрийн цөм болсон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны туршлагаа багш нар мэргэжил нэгтнүүддээ тайлагнан, мэдээлэл солилцлоо.
Дашрамд мэдээлэхэд, Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт суралцагчдын 93 хувь буюу 65 мянган сурагч ямар нэгэн дугуйлан, секц, клубт хамрагдаж байгаа аж.
