Нийслэлийн төр захиргааны албан хаагчдын чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлж, тэдний бие бялдрыг хөгжүүлж, биеийн тамир спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой “спорт наадам-2016” тэмцээнийг өнгөрсөн жилийн аварга Баянзүрх дүүрэг амжилттай зохион байгууллаа. Тус наадамд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон найман дүүргийн нийт 320 тамирчин өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Тус тэмцээнийг дартс, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн төрлөөр явуулсан бөгөөд багийн ерөнхий дүнгээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо. Мөн Багануур, Сүхбаатар дүүргүүд удаах байруудад шалгарсан юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан уг тэмцээний дартсын төрөлд эрэгтэйчүүдээс Сүхбаатар дүүргийн баг тамирчид нэгдүгээр байр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тамирчид хоёрдугаар байр эзэлсэн бол гутгаар байрт Хан-Уул дүүргийн тамирчид орлоо.
Харин гар бөмбөгийн тэмцээнд Багануур дүүргийн эрэгтэй баг тамирчид ялалт байгуулж алтан медалийн эзэд болсон. Хоёрдугаар байр буюу мөнгөн медалийг Баянгол дүүргийн тамирчид, хүрэл медалийг Хан-Уул дүүргийн баг тамирчид хүртсэн юм. Гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид аваргалж, алтан медалийн эзэд болсон бол Хан-Уул дүүргийн эмэгтэйчүүд мөнгөн медаль, Чингэлтэй дүүргийн тамирчид хүрэл медалийн эзэд болов.
Хурд хүчний буюу сагсан бөмбөгийн тэмцээний 2016 оны аваргаар Баянгол дүүргийн эрэгтэй баг тамирчид шалгарсан бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тамирчид мөнгөн медаль, Сүхбаатар дүүргийн тамирчид гутгаар байрт шалгарлаа. Эмэгтэй багаас Баянгол дүүргийн тамирчид алтан медалийн эзэд болсон бөгөөд Налайх дүүргийн баг хоёрдугаар байр, Багануур дүүргийн тамирчид гутгаар байрт шалгарч хүрэл медалийн эзэд бослон юм. Дашрамд дурдахад, “Спорт наадам-2017” тэмцээнийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулна.
