Монгол улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх Европын холбооны төслийн хүрээнд 2016 оны 3 сарын 7-ноос 18-ны өдрүүдэд БНТУ-ын итгэмжлэлийн байгууллага (TURKAK)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Гёхан Бирбил, Гадаад харилцааны газрын дарга Осман Жамчи нар итгэмжлэлийн үнэлгээний тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэх сургалтыг явуулав. Сургалтаар бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үнэлгээний 20, сорилтын ба шалгалт тохируулгын лабораторийн итгэмжлэлийн үнэлгээний 20 тэргүүлэх мэргэжилтэн тус тус бэлтгэгдлээ.
Энэхүү хоёр сургалтанд Итгэмжлэлийн газрын мэргэжилтнүүдээс гадна орон нутгийн 8 Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн ба СХЗГ-ын бусад нэгжийн ажилтнууд, итгэмжлэлийн техникийн хорооны гишүүд, техникийн шинжээчид оролцсон байна.
Тус газар нь 2016 онд Ази Номхон Далайн Лаборатори Итгэмжлэлийн Хамтын ажиллагааны байгууллага (APLAC), Номхон Далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-аас лаборатори, хяналтын байгууллага, баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үр дүнг олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэх ижил түвшний үнэлгээнд хамрагдана. Үнэлгээнд бэлтгэхэд ажилтнуудыг чадавхижуулах энэхүү сургалт чухал ач холбогдолтой, үр дүнтэй болж өндөрлөлөө.