Стандартчилал, хэмжил зүйн газар нь 2016 онд APLAC (Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-ын олон талын хүрээнд лаборатори, хяналтын байгууллагын итгэмжлэлийн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэн статусаа хадгалах, PAC (Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-ын баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үр дүнг Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт шинээр нэгдэх ижил түвшний үнэлгээнд тус тус хамрагдах юм.
Олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагуудын хүрээнд Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэнээр дэлхийн 80 гаруй орнууд өөр хоорондоо экспортын бараа бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ явуулсан үндэсний лаборатори, техникийн хяналт, баталгаажуулалтын байгууллагын үр дүнг давтан тохирлын үнэлгээнд хамруулахгүйгээр хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлдэг тогтолцоотой.
Европын холбооноос “Монгол улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслөөс үндэсний стандартын байгууллагын үйл ажиллагааг Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагад нийцүүлэх, итгэмжлэлийн үйл ажиллагааг Европын холбооны жишгээр хөгжүүлэх, чадавхижуулахад техникийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд “Итгэмжлэлийн тэргүүлэх ба техникийн үнэлгээний мэргэжилтний (ISO/IEC 17065:2013) гэрчилгээ олгох” 2 төрлийн сургалтыг БНТУ-ын итгэмжлэлийн байгууллага (TURKAK)-тай хамтран 2016 оны 3 сарын 7-ноос 18-ны өдрүүдэд явуулна.
Сургалтын эхний хэсэг буюу 3 сарын 7-ноос 11-ний өдрүүдэд явагдах сургалтаар итгэмжлэл, стандартчилал, тохирлын үнэлгээний салбарын 20 ажилтныг баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үнэлгээний мэргэжилтнээр бэлтгэж байна. Гэрчилгээжсэн эдгээр мэргэжилтнүүд нь үйлдвэрлэгч, бизнесийн байгууллагын менежментийн тогтолцоо (ISO 9002, ISO 14001, HACCP, OHSAS г.м), бүтээгдэхүүнийг баталгаажуулах баталгаажуулалтын байгууллагын чадавхийг хөндлөнгөөс үнэлэх, итгэмжлэх үйл ажиллагаанд оролцох эрхтэй болно.
Монгол улсын мах, чацаргана, алт, зэс, молибдены баяжмал, ноос, ноолуур зэрэг экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын тохирлыг гэрчлэх баталгааг итгэмжлэлээр дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд итгэмжлэлийн чадварлаг, мэргэшсэн үнэлгээний мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо чухал байх болно.