Хан-Уул дүүргийн хэмжээнд 10-30 см зузаан цасан бүрхүүлтэй, хүйтний эрч эрс чангарч мал сүргийн өвөлжилт хүндрэх төлөв байдал үүссэнээс үүдэн дүүргийн Засаг даргын Тамгын газраас малчдад өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг зохион байгууллаа.
Энэ хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас 12,13,14 дугаар хорооны 180 гаруй малчид, фермерүүдэд 60 тн хивэг, 7 тн хорголжин тэжээл, 3 тн тэжээлийн будаа, 3,8 тн хүчит тэжээл, 3 тн өвс, 15,2 тн ногоон тэжээл буюу нийт 91,5 тн өвс тэжээлийг зах зээлийн үнээс 30%-ийн хөнгөлөлттэй үнээр олгожээ.
Дээрх арга хэмжээнд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 10.0 сая төгрөг зарцуулсан байна.
Өнгөрсөн зун Улаанбаатар хот төдийгүй төвийн бүсийн нийт нутгаар зуншлага тааруу, газрын гарц муу байсан тул малчид, фермерүүд өвс хадлангаа хангалттай бэлтгэж чадаагүй байна.
Иймээс өвөлжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад дүүргийн зүгээс тусалж дэмжиж байгаад малчид, фермерүүд талархаж байгаа илэрхийлсэн юм.
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС