Завхан аймагт ажиллаж, амьдарч төрөлх нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим иргэдийг төр засгаас өндрөөр үнэлэн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасан байна. Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар шагнал авсан хүмүүсийг хүлээн авч, одон медалийг нь гардуулан өглөө.
Улиастай сумын өндөр настан, ахмад уран бүтээлч Баатархүүгийн Гэрэлтогтох, Улиастай сумын өндөр настан Лочингийн Сэлээд нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Цагаанчулуут сумын багш Даваасүрэнгийн Батмөнх, Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч Дашравдангийн Цэцэгмаа, Ургамал сумын иргэн Мөнхбаярын Лхамсүрэн нар “Алтан гадас” одонгоор, Улиастай сумын ЗДТГ-ын худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Өлзий-Оршихын Наранцэцэг, Жавхлант цогцолбор сургуулийн англи, орос хэлний багш Дэчингийн Нямаа, 4-р сургуулийн математикийн багш Чулуунбаатарын Нямсүрэн, “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨК-ийн инженер Буриадын Даваасүрэн, Улиастай сумын өндөр настан Самбын Балдандорж, СУИС-ийн харьяа ХБК-ийн үйлчлэгч Өнөрбаярын Оюунтуяа, аймгийн ЗДТГ-ын үйлчлэгч Дамдинсүрэнгийн Энхцацрал нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа.
Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив төрийн одон медалиар шагнагдсан хүмүүст баяр хүргэж, сайн сайхныг хүсээд, цаашдаа эрүүл энх, урт удаан наслаж, үр хүүхдүүддээ өмөг түшиг болж, Монгол ёс заншил болон ажил амьдралынхаа арвин баялаг туршлагыг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ерөөл тавилаа.
ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС