15.000 хүн амтай гэр хорооллын бүсд оршдог 27 дугаар хорооны хувьд тогтсон байргүй, өрхийн эмнэлэгтэй хамтран, стандартын шаардлага хангахгүй, түрээсийн байранд олон жилийг үдсэн. Тэгвэл уг байдалд цэг тавьж, 2016 оны 01 дүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо өөрийн гэсэн цогцолбор байрандаа орлоо. 2010 онд анх баригдсан тус хорооны цогцолбор барилга удтал дуншиж байж цагаан сарын өмнөхөн ашиглалтад орсон нь учиртай. Жилийн өмнө тус хорооны цогцолбор барилгыг анх барихдаа байршилд нь илүү анхаарч, бусад зүйлийг нь орхигдуулсанаас болж подволь буюу хонгилд нь газрын хөрсны ус нэвчиж дүүрчихдэг байв. Сүүлдээ хөрсний ус нь улам ихэсч нэг давхарын өрөөнүүдэд хүрч халих болсон учраас тус хорооны барилгад үйл ажиллагаа явуулах бүү хэл ашиглалтад хүлээн авахыг ч мэргэжлийн байгууллагууд зөвшөөрөөгүй билээ. Харин уг байдал 2016 оны нэгдүгээр сард эцэс болж, хорооны 15 мянган иргэн төрийн анхан шатны үйлчилгээг тав тухтай орчинд сэтгэл амар авах боломжтой болж байгаадаа баярлаж байгаагаа тус байрны нээлтэд оролцсон иргэдийн төлөөлөл өгүүлсэн юм.
