Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” захирамж гаргасан билээ. Уг захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дугаар байр, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 дүгээр байруудыг дахин төлөвлөж барилгажуулахаар болсон.
Дээрх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” компаниудад батламжийг нь гардууллаа. Шалгарсан компаниуд сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах юм.
Дашрамд мэдээлэхэд, Нийслэлийн Засаг даргын таван удаагийн захирамжаар нийт 85 нийтийн зориулалттай орон сууцны барилгын 2224 сууц өмчлөгч дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагджээ.