Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт тавдугаар дулааны цахилгаан станцыг барих ажлыг хэрэгжүүлэхээр болсон билээ. Иймд ДЦС-5-ын дулаан дамжуулах дэд бүтцийн төслийн талаар өнөөдөр иргэдэд мэдээлэл өгч, уулзалт хийсэн юм. Уулзалтад БОНХАЖ-ын сайдын зөвлөх Ц.Аръяасүрэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, АХБ-ны зөвлөх Ашлей Бансгров, “Мон-энержи консалт” ХХК-ийн захирал Л.Эрдэнэдалай, “Улаанбаатар” дулааны сүлжээ ТӨК-ийн инженер А.Эрбар нарын албаны хүмүүс оролцлоо.
Төслийн багийнхан ДЦС-5-аас 30 километр үргэлжлэх дулаан дамжуулах дэд бүтцийг барих төслийн талаар болон төслийн судалгааны мэдээллийг уулзалтад ирсэн иргэдэд өгөв. Түүнчлэн төслийн хүрээнд хийгдэх байгаль орчны үнэлгээ хийх ажлыг танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонссон.
Дашрамд сонирхуулахад, 450 МВ эрчим хүч, 587 МВ дулаан үйлдвэрлэх ДЦС-5 ашиглалтад орсоноор 400 мянга гаруй айл өрхөд цахилгаан эрчим хүч, дүүргийн 50 мянга гаруй өрхийг дулаанаар хангах боломж бүрдэж байгаа юм. Мөн тус станц нь сүүлийн үеийн дэвшилтэд ялгаралтыг хянах төхөөрөмжүүдийг тавьж, нүүрс бага хэрэглэх, цөөн нэгж бохирдуулалтыг ялгаруулдаг горимтой байх аж.
