Дэлхийн банкны Иргэдийн оролцоог дэмжих төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөөг боловсронгуй болгох ажлын нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон Дэлхийн банкны иргэдийн оролцоог дэмжих төслийн хамт олон болон 28 хорооны төлөөлөл болох 500 гаруй иргэн оролцсон юм.
Ажлын хүрээнд Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд тулгуурлан дүүргийн ирээдүйн хөгжлийн үйл ажиллагааг хөтлөн чиглүүлэх баримт болон “Дүүргийн Хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулаад байна. Хөгжлийн төлөвлөгөө нь стратегийн таван чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх дөрвөн багц төслөөс бүрджээ.
Уг төлөвлөгөөг боловсруулсанаар дүүргийн төлөвлөлтийн багийг сургасан юм. Мөн хот байгуулалт болон газар зүйн мэдээллийн системийг хэрхэн ашиглах, иргэд олон нийтийг зохион байгуулах арга зүйд сургасан аж.
Дашрамд сонирхуулахад, уг баримт бичиг нь улс, нийслэлийн хөгжлийн бодлого, стратегид тулгуурлан дүүрэг өөрийн гэсэн хөгжлийн төлөвлөгөөтэй байж өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан ойрын хугацаанд болон хэтдээ ямар арга замаар хөгжиж болох шийдлүүдийг эрэлхийлжээ.
