Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгох тухай шийдвэр гарсан билээ. Энэхүү эрхэм, хүндтэй баярын өдрийг тохиолдуулан Монгол хүн бүрийг аз жаргалтай, халуун дулаан элэг бүтэн, бат бэх гэр бүлд амар, амгалан амьдарч, ажил хөдөлмөр эрхлэх таатай орчин нөхцөлөөр хангах нэн хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, одоо хүчин зүтгэж буй хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нийт ажиллагсад, албан хаагч, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Улсын Их хурлаас 1994 онд Нийгмийн даатгалын тухай хууль, 1995 онд Нийгмийн халамжийн тухай хууль, 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, 1999 онд Гэр бүлийн тухай хууль тус тус батлагдан гарч салбарын эрхзүйн орчин бүрдүүлсэн бөгөөд 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрын бүтцэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг шинээр байгуулж, яамны харьяанд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв гэсэн агентлаг, газрууд, 21 аймаг, нийслэл, дүүрэгт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн, нийгмийн халамж үйлчилгээний, нийгмийн даатгалын хэлтсүүд ажиллаж байгаа бөгөөд салбарын хэмжээнд нийт 5000 гаруй ажилтан, албан хаагчид хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэн бүрийн нийгмийн баталгааг дээшлүүлэх таатай орчныг бүрдүүлэн хүний хөгжлийг хангах эрхэм зорилгын дор нэгдэн ажиллаж байна.
Нийгмийн хамгааллын шинэчлэлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Иргэдээ сонсъё”, “Ахмадаа сонсъё”, “Хүүхдээ сонсъё”, “Даатгуулагчаа сонсъё” аянуудыг, мөн “Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл”, “Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх нь”, “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого”, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” зэрэг үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулсан нь цаашдын бодлого, төлөвлөгөөндөө тусган ажиллах оновчтой бодлого, зохицуулалтыг тодорхойлоход томоохон хувь нэмэр оруулсан үр дүнтэй үйл ажиллагаа болсоныг онцлон хэлмээр байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, тэдний оролцоог хангаж, дуу хоолойг сонсох зорилгоор “Оролцоог бодит болгоё” сарын аяныг орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган, “Залуучуудын хөгжил–Шинэчлэлийн бодлого, зорилт” залуучуудын үндэсний чуулганыг 5 дугаар сард тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.
Засгийн газраас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлэхээр баримталж буй бодлого, шийдвэр, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэхэд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт ажиллаж буй Та бидний манлайлагч чадвар, бүтээлч санаачлага, хичээл зүтгэл, сахилга хариуцлага, итгэл үнэмшил, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх хүсэл эрмэлзэл, үйлчлүүлэгчээ дээдэлж ёс зүйтэй байх соёл чухал гэдгийг онцгойлон захиж хэлье.
Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын салбарын ажилчид Та бүхэн хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, хатан ухаант эмэгтэйчүүд, улс эх орныхоо төлөө өөрийн залуу нас, оюун ухаан, хүч чадлаа зориулсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бүхий л бүлэгт чиглэсэн нэгдсэн цогц бодлогыг боловсруулж, үр дүнтэй ажил хэрэг болгоход өөрийн авьяас, мэдлэг, ур чадвараа харамгүй зориулж, чин сэтгэлээсээ ажиллаж байгаад талархаж байна.
Бид санаачилж, бид бусдад үлгэрлэж, бид манлайлж, бид зүтгэж, зорьж гэмээнэ өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, Монгол хүн бүрийг хөгжүүлнэ. Тиймээс Монгол Төр, Монгол хүн бүрийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, хариуцсан ажил, мэргэжилдээ эзэн нь байхын төлөө чин сэтгэлээсээ ажиллацгаая.
Та бvхний ажил vйлс өөдрөг, тэгш сайхан байхын ерөөл дэвшvvлье.