Татварын албаны гол зорилго нь Татвар төлөгчид хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ тэгш, шударга, зөв зохистой, бүрэн биелүүлдэг тогтолцоог бий болгож, төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах явдал байдаг.
Төр татвараар цуглуулсан орлогоор санхүүжиж, мөнгөн хуримтлалыг бүрдүүлэн түүнийгээ дахин хуваарилах замаар иргэддээ төрийн үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл иргэдээ соёл, боловсролтой болгох, тэдний эрүүл мэндийг хамгаалах, улс орноо батлан хамгаалах, удирдах, нийгмийн хэв журмыг сахиулах зэргээр төрийн үйлчилгээг үзүүлдэг билээ.
Дэлхийн улс орнуудад татвар ногдуулж, хураах 2 систем хэрэглэдэг бөгөөд үүнд.
1. Татвараа өөрөө тодорхойлж, төлөх
2. Татварын алба тодорхойлж, төлүүлэх
Эхнийх нь дэвшилтэт систем бөгөөд манай улс хэрэглэж байна. Энэ системийг хэрэглэж байгаа нөхцөлд татварын албанаас татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх явдал маш чухал.
Үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь татварын албанаас татвар төлөгчдөд хууль тогтоомжийг зөв хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бий болгож, хэрэгцээтэй мэдээллээр хангана гэсэн үг юм. Татварын албанаас нийтийг хамарсан болон татвар төлөгчийн ажлын байранд сургалт явуулж, утсаар зөвлөгөө өгөх төв, татварын нийт албад татвар төлөгчдөд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний албадыг ажиллуулж байгаагийн зэрэгцээ вэб сайт, мэйл маркетинг, масс мессэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслэл ашиглан үйлчилгээ үзүүлж байна.
Татварын хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдийн 65-75 хувь нь татварын хууль тогтоомжоо судалж, мэдээгүй, ня-бо бүртгэл зөв хөтөлдөггүйгээс болж санамсаргүй байдлаар гаргасан алдаанаас татварын зөрчилд орж, хүү торгууль төлж, үргүй зардал гаргаж байгаа нь харагддаг бөгөөд, түүнчлэн татварын суурь мэдлэг зайлшгүй шаардлагатай байгааг судалгааны дүнгүүд харуулж байгаа юм. Зах зээлийн нийгэмд нийтээрээ эдийн засгийн суурь ухааныг судлах зайлшгүй шаардлага урган гарч байна.
Өнөөгийн нөхцөлд татварын боловсролын асуудал чухал ач холбогдол бүхий сэдэв болж байгаа бөгөөд ялангуяа татварын суурь боловсролыг багаас нь олгох явдал зүй ёсоор тавигдаж байна. Татвар, эдийн засгийн онол, татварын чиг үүрэг, ач холбогдлыг хүүхдүүд бага наснаасаа ойлгож мэдэх нь өөртөө болоод улс орны хөгжилд үнэлж баршгүй тустай зүйл юм.
Иймд Татварын ерөнхий газраас татвар төлөгчдийг цаг хугацаандаа татвараа төлдөг болгон хэвшүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, далд эдийн засгаас татгалзах сэтгэлгээг бий болгон төлөвшүүлэх зорилгоор татварын соёл, боловсролыг иргэдэд бага наснаас нь системтэй олгох ажлыг БШУЯ, Японы “Жайка” байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн 1, 24, 79-р сургууль, Амгалан цогцолбор, Төв аймгийн 4-р сургууль, Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийн 5.9.11 дүгээр ангийн сурагчдад туршилтын журмаар татварын тухай хичээл, сургалт явуулсан бөгөөд сургалтын үр дүнд үндэслэн Татварын ерөнхий газраас дээр дурьдсан сургуулийн багш нартай хамтран багш, сурагчдад зориулсан “Татварын тухай ойлголт”, “Татварын мөн чанар”, “Татвар ба татварын тогтолцоо”, “Татварын онол, арга зүй” гэсэн 4 сурах бичиг, гарын авлагыг боловсруулж, Японы “Жайка” байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэвлэн гаргалаа. Гарын авлагад Татварын үүсэл хөгжил, чиг үүрэг, зарчим, тогтолцоо, ангилал, суурь, хувь хэмжээ, хөнгөлөлт, хэмжигдхүйн зэрэг онолын асуудлууд болон татварын гол нэр төрлийн хуулиудыг энгийн ойлгомжтой хэлбэрээр тусгаж, дэлхийн улс орнуудын татварын хувь хэмжээний харьцуулсан судалгаа, “Татвар бидний амьдралд” сэдэвт сурагчдын гар зургууд, эссэ, бодлуудыг багтаасан нь багш, сурагчдын сонирхлыг татсан, сэтгэлд нийцсэн бүтээл болсон юм. Бид ирээдүйн татвар төлөгч хүүхдүүддээ зориулан “Татварын ач тус” комикс ном, “Жавхаа Золбоо хоёр татвартай танилцсан түүх”, “Нарны дагуул Атон гариг” хүүхэлдэйн кино бүтээж, “ТМ”, “UBS” телевизтэй хамтран “Татвар бидний амьдралд”, “Би ирээдүйн татвар төлөгч” цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн нийтийн хүртээл болгосон нь бага ч атугай мэдлэгт нь нэмэр болсон гэдэгт итгэдэг.
Цаашид татварын тухай системтэй ойлголтыг сурагчдад бий болгох зорилгоор шинээр хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, стандартад тухайлбал Хууль бидний амьдралд, үндсэн хуулийн эрх зүй, салбарын эрх зүй, иргэншил зэрэг нийгмийн ухааны хичээлийн программд татварын тухай оруулах талаар боловсролын хүрээлэнтэй хамтран ажиллах болно.
Татвар төлөгчдөд үйлчлэх газар