Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог төлөөлөн зарим гишүүд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцлаа.
Тэд Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Сүхбаатар дүүргийн хүүхдийн тасгийн нөхцөл байдал, үйл ажиллагааг газар дээр үзсэн юм. Түүнчлэн Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ЭМСЯамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал нарын хүмүүс Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нөхцөл байдалтай танилцахад, тухайн эмнэлэг гамшгийн үед ажиллах төлөвлөгөөний дагуу улирлын чанартай ачаалал ихсэх үед 100 ор нэмж байрлуулснаар хүүхдийн тасаг нь 125 ортойгоор эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа аж. Ачаалал, үйлчилгээний хүртээмжийн тал дээр ямар нэг хүндрэл гараагүй, өнөөдрийн байдлаар 122 хүүхэд хэвтэн эмчүүлж байна хэмээн тус эмнэлгийн дарга М.Чимгээ танилцууллаа.